Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм. Харин хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна.
Манай нийгэмд тулгараад буй асуудлуудын нэг нь дугуйн замын асуудал байдаг. Урин дулаан цаг эхэлж иргэд дугуйтай хотын хөдөлгөөнд оролцох нь ихсэж байгаа энэ үед шинэ дугуйн зам тавих ажлыг иргэд эерэгээр хүлээн авч байна.
Дугуйн замын эвдрэл гэмтлээс болж явахад маш хэцүү, бартаа ихтэй байдаг. Ихэнх зам нь дугуй явах бараг боломжгүй шүү дээ. Мөн байгаа хэдэн зам дээр нь хүмүүс алхаад л явж байдаг. Дугуйн зам барьж л байвал зөв дөө.
Дугуйн зам дунд зэрэг гэж үнэлнэ. Хамгийн том асуудал нь эвдрэл ихтэй. Магадгүй явж байгаад гэнэт дуусдаг ч юм уу, гүйцэтгэл муутай байдаг. Дугуйн зам их болох тусмаа л сайн байна. Хүмүүс дугуй унах нь ихэссэн байна. Төдий чинээгээр түгжрээ багасна. Эрүүл мэнд талаасаа хүмүүс мэдэж л байгаа байх. Миний хувьд цаг хожих гэж дугуй унадаг. Хүмүүс орой 2 цаг түгжрээд харьж байхад би 30 минутад харьдаг.
Дугуйн зам хийнэ гэж яриад л байдаг нэг их гоё дугуйн зам байдаггүй шүү дээ. Байлаа ч гэсэн хүмүүс алхаад л. Бараг хүний зам дугуйн зам хоёр нь холилдчихсон. Явган хүний зам дээр дугуйны зам зурчихсан нь үнэхээр балай санагддаг. Замаа янзлахгүй байж дээрээс нь будаг түрхээд л болчихдог. Гол нь замаа сэтгэл гаргаад гоё хийчихмээр байгаа юм даа. Овон товонтой байхаар дугуй эвдрээд байх юм.
Дугуйн зам байхгүй болохоор үнэхээр хэцүү. Явган хүний замаар явахаар хүмүүс нь уурлаад, машин замаар явахаар жолооч нар нь уурлаад. Уулын зам болон Зайсангийн замууд л дугуйн замтай. Түүнээс төвөөр явахад үнэхээр хэцүү. Хурдаа хасаж л явна. Шинэ зам тавивал гоё л байна. Хотод дугуй унадаг хүн их байна шүү дээ.
Дугуйн зам тавьж буй байршлууд
•Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам
•Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам
•Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам
•Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам
•Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам
•Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/.