Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэртэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан эхний шийдвэрүүдийг та бүхэн танилцуулья.
Хуралдаанаар өнөөдөр 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар шийдвэр нь гарсан дөрвөн асуудлын талаар мэдээлэл өгье.
Вакцинжуулалтыг идэвхжүүлэх тодорхой шийдвэр гарлаа. Тодруулбал, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг Файзер вакцинд хамруулах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Улсын хэмжээнд нэгдүгээр тунгийн хамралт 89 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 46 хувь байна. Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунгийн хамралт 99 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69 хувьтай байна.
Вакцины татан авалтын хувьд Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 4.7 сая тун вакцин татан авсан. Хамгийн сүүлд өнгөрсөн шөнө 100 мянган тун Файзер вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авсан. Энэхүү татан авсан вакциныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд хийх шийдвэрийг гаргасан. Мөн тодорхой эмчийн заалттай иргэд энэхүү Файзер вакцинд хамрагдах боломжийг зохион байгуулж ажиллах чиглэлийг Ерөнхий сайд ЭМЯ-нд өгсөн
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 53 мянга орчим жирэмсэн эмэгтэйчүүд байна. Эдгээр эмэгтэйчүүд ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу вакцинд хамрагдах боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар хөхүүл ээжүүдийг Вероселл вакцинд хамруулж байгаа. Хөхүүл ээжүүдийн хувьд Вероселл вакцинд хамрагдаж амжаагүй бол Файзер вакцин хийлгэх боломжтой болж байна” гэлээ.