Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, одон, медаль хүртээлээ.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- Өдөр ирэх бүр цөлжиж буй Монгол Улсын говь хээрийн бүсийг ойжуулах, цөлжилттэй тэмцэх үйлсийг манлайлан оролцож, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт олон зуун мянган мод тарьж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд гаргаж буй гарамгай амжилтыг үнэлж, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз,
- Монголын үндэсний бүжгийн урлагийг шинэ түвшинд гаргах, хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар,
- Монгол уламжлалт мал аж ахуйн соёлыг хөгжүүлэх болон Ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах, залуу хойч үедээ малч ухааныг өвлүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн,
- Дундговь аймгийн Салхитын Мөнгөний ордыг түшиглэсэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг богино хугацаанд чадамгай удирдаж, Монгол Улсын нийт 230 мянган ахмад буурлуудын 6 сая төгрөг хүртэлх тэтгэврийн өрийг тэглэх, 238 мянган ахмадуудад байгалийн хишиг 1 сая төгрөгийн хувь хүртэх боломжийг бүрдүүлж, монгол хүн баялагтаа эзэн болох, баялгийнхаа үр шимийг хүртэх үндэс суурийг тавьсныг үнэлж, “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат дасгалжуулагч Дамирангийн Баатаржав, Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга нарт Ардын багш цолыг,
- Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, ард иргэдийн амь насыг авран хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Гавьяат эмч Дамбын Сэржээд Ардын эмч цолыг тус тус хүртээв.
ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“…Аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
Монголбанкны Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэн,
МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
“Магнай трейд” ХХК-ийн захирал Рэгзэндоржийн Ганзориг,
“ГУМ” ХХК-ийн захирал Хашбатын Гиймаа,
“Мах Импекс” ХК-ийн ерөнхий инженер Дамбын Самдан,
“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал Чүлтэмсүрэнгийн Цогтсайхан,
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны ахмад настан Рэндоогийн Энхбат,
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:
“Жигүүр гранд” группийн арматурчин Ламжавын Эрдэнэчимэг,
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Дондогийн Гүржав,
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:
“Аримун” продакшны жүжигчин Доржготовын Ганцэцэг,
“Цирк” студийн захирал Гомбын Доржнамжил,
Монгол Улсын Консерваторийн төгөлдөр хуурын багш Сангидоржийн Саянцэцэг,
Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Аюурзанын Цэгмид,
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг,
Авто, мото спортын тамирчин Дамдинхорлоогийн Болдбаатар,
Холимог тулааны спортын дасгалжуулагч, байлдааны самбо бөхийн дэлхийн аварга Баасанхүүгийн Дамланпүрэв,
Сонирхогчдын боксын үндэсний шигшээ багийн тамирчин Мягмардуламын Нандинцэцэг,
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
Хөвсгөл аймаг Мөрөн сумын ахмад настан, ахмад хуульч Гомбожавын Балдан,
Тагнуулын ерөнхий газрын ахмад ажилтан Ширэндэвийн Эрдэнэбаатар,
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
МҮОНРТ-ийн сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан,
“Талын Монгол” телевизийн захирал, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх,
МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
Хөгжмийн зохиолч Мижиддоржийн Хатанбаатар,
МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Монгол үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоо,
“МИАТ” ТӨХК-ийн Тасалбар түгээврийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Энхтүвшин,
МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
Нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан, худалдааны байгууллагын ахмад ажилтан Галсангийн Цэвээндорж,
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
ШУТИС-ын Эрчим хүчний сургуулийн ахмад багш Цагаачийн Бат-Өлзий,
Монголын Шинжлэх ухааны үндэсний академийн дэд ерөнхийлөгч Санжаагийн Бүдням нарыг тус тус шагналаа.
АЛТАНГАДАС ОДОНГООР:
UBS телевизийн сэтгүүлч Онгоогийн Мөнхгэрэл,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан Минтэгсүрэнгийн Энхчимэг,
Монголын ярих урлагийн төвийн тэргүүн Баасанжавын Энхгэрэл,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
“Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч Чадраабалын Ганжавхлан нарыг тус тус шагнав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Манлайлагчид, салбар салбарын гавшгайчид аа,
Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,
Та бүхэнд зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлгэт сайн өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийн мэнд дэвшүүлж, амжилт, арвин бүтээл, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.
Төр байхуй дор зүтгэлийг үнэлэхүй байдаг. Улс эх орон, ард түмнийхээ өөдлөн дэвжих гэгээн ирээдүйн төлөө амьдрал үйлс, залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулсан, одоо ч амжилт алдраа дуурьсгаж, тухайн салбартаа зогсолтгүй бүтээн хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэдийнхээ гавьяа зүтгэлийг төрийн дээд шагналаар мялаалаа.
Өнөөдөр амжилт бүтээлээ үнэлүүлж байгаа манлайлагчдын дундаас Хөдөлмөрийн баатар цол шагнагдсан “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр, Гавьяат эдийн засагч цол шагнагдсан Монголбанкны Ерөнхийлөгч Бядраны Лхагвасүрэн нарыг онцлон дурдаж, ахмад настнууд, нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлмээр байна.
Дээрх эрхэм хүмүүсийг онцлохын учир нь 2019 оны 11 дүгээр сард бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, нотлон баталгаажуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн гол үзэл санаа нь Монголын ард түмэн, монгол иргэн бүр байгалийн асар их баялгаа өөрсдөө тэгш хүртдэг байх үндсэн агуулгыг шингээж өгсөнд байгаа юм. Монгол Улс баялагтай бол иргэд нь түүний үр шимийг хүртдэг байх ёстой. Өөр хэн ч биш юм.
Энэ үзэл санааны хамгийн эхний бодит биелэл бол өндөр настнууд тэтгэврийн зээлийн дарамтад олноор орж, амьжиргаа нь хүндэрч байгаа асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай санаачилга гаргасан. Үүний дагуу 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч, хамтын ойлголцол, зүтгэлээр энэ ажил бүтсэн түүхтэй.
Монгол Улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчдөг, авлига, хээл хахууль өгөх зэрэг гэмт хэрэгт орооцолдсон Салхитын ордын тусгай зөвшөөрлүүдийг нь цуцалж, улсад авч энэ ордыг түшиглэн “Эрдэнэс Силвер Ресурс” төрийн өмчит компанийг байгуулсан. Үр дүнд нь 2020 онд 228.5 мянган ахмадын 6 сая хүртэлх зээлийг тэглэхэд зарцуулсан 700 орчим тэрбум төгрөг, энэ жил тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгөөс бага зээлтэй 238 мянган ахмадад нийтдээ 220 тэрбум төгрөгийг олгож, нийт 450 мянган ахмадад 920 тэрбум буюу 1 их наяд шахам төгрөгийн санхүүжилтийг Салхитын мөнгө, алтны ордын баялгийн өгөөжөөс бүрдүүлсэн юм.
Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх нөхцөлийг бүрдүүлсэн Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаярт дахин талархал дэвшүүлье. Та эх орон, ард түмэндээ үйлчлэх үүрэг хариуцлагаа нэгхэн жилийн дотор биелүүлсэн.
“Эрдэнэс Силвер Ресурс” компанид ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх УИХ-ын шийдвэрийг биелүүлэхэд Монголбанкны хамт олон болон Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн үүрэг оролцоо санаачилга маш их байсныг тэмдэглэж, Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор шагнаж байгаа юм шүү.
Өнөөдөр төрийн цол, шагнал хүртэгсдийн дунд эх орноо, байгалиа хайрлахын үлгэр жишээ болсон нэгэн хүн байна. Тэр бол Дэмчигийн Бараадууз гуай – Говийг ойжуулагч баатар. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам бүр хуурайшиж, цөлжиж байгаа говь нутгаа ногооруулах ажлыг хэний ч шахалтгүйгээр өөрөө сэтгэл зүрхээрээ санаачлан хийж байгаа баатарлаг үйлстэн. Танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож байна.
Д.Бараадууз гуай 1992 оноос “Ойн хишиг” мод үржүүлгийн төвийг байгуулж, Өмнөговь аймгийн Булган сумын 9 га газрыг ойжуулжээ. Д.Бараадууз гуай өөрийн ажилтнуудын хамтаар Улаанбаатар хот, зүүн аймгуудад болон Дундговь, Дорноговь аймгийн бүх сумыг тарьц, суулгац, тарих зөвлөмж, аргачлалаар хангаж, олон мянган мод тарьжээ. “Ойн хишиг” төв нийтдээ 300 мянга орчим мод тарьж ургуулаад байгаа бөгөөд 1992 оноос хойш энэ ажлыг тэтгэврийнхээ мөнгөөр санхүүжүүлж байжээ. Эх орноо ам хэлээрээ бус бодит үйл хэргээр хайрлан хамгаалж, байгаль орчноо тордож ирсэнд танд бүх ард түмнийхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.
Монгол бидний түүх соёл бол нүүдлийн аж амьдрал, малчны ухаан дээр үүссэн гэдгийг цаг үргэлж санаж явах, хүндэлж дээдлэх учиртай. Гучин жил Галбын улаан тэмээн сүрэг маллан ашиг шим, ноосны гарцыг нэмэгдүүлж, уналга эдэлгээнд сурган олон арван залуу малчдыг малч ухаанд хөтөлж яваа 1,200 тэмээн сүргийн эзэн Жаалдүүгийн Тогтохсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Өвөг дээдсээс өвлөсөн буянт мал сүрэг, эрхэм нандин малч ухааныг улам баяжуулан уламжлуулж, монгол түмний өлзий хишгийг цагийн цагт тэтгэж явах болтугай.
Эрхэм манлайлагчид, гавшгайчид аа,
Оногдсон ажил, үүргээ олон жил үр бүтээлтэй хэрэгжүүлж, манлайлж ирсэн олон жирийн иргэдийг төрийн дээд цол, одон, тэмдгээр шагнаж байна.
“Жигүүр гранд” группийн арматурчин Ламжавын Эрдэнэчимэгийг Гавьяат барилгачин цолоор шагнаж байна. 1980 оноос өрлөгчнөөр ажлын гараагаа эхэлж, 40 гаруй жил барилга барихдаа Эх нялхсын төв, Нэгдүгээр төрөх, 500 хүүхдийн амбулатори, Чингис зочид буудал болон олон арван сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцны барилгын арматурын ажлыг хийж гүйцэтгэжээ. Танаар бахархаж байна.
Гучин жил үсчин, гоо сайхны салбарт үр бүтээлтэй ажилласан Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоод Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж байна. Д.Одонгоо нь залуусыг ажилд мэргэжилдээ гарамгай болгон сургаж, шавь нар нь Ази, Европ, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд өндөр амжилт гаргасан байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аваргаас медаль хүртсэн үсчид түүний шавь нар дунд цөөнгүй бий. Баяр хүргэе!
Урлаг, спортын салбарын гавьяа зүтгэлтнүүдэд цол гавьяаг нь олгож, олон нийтийн хүлээлтийг бас биелүүллээ.
Монголын бүжгийн урлагийг өнөөгийн өндөрлөгт авчралцсан ноён оргилуудын нэг, Зууны манлай хэмээх эрхэм алдрын эзэн, одоо ч бүтээн туурвиж яваа Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гуайд Хөдөлмөрийн баатар цолыг нь хүртээлээ.
Хүндийн өргөлтийн Дэлхийн хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн аварга, Залуучуудын дэлхийн болон Азийн аварга, Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон хүндийн өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг, Сонирхогчдын боксын Дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, Азийн аваргын алт, хошой хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй 12 удаа түрүүлсэн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин Мягмардуламын Нандинцэцэг гэсэн олон олон анхдагч амжилтын эзэд, монгол түмний хайртай охидын хөдөлмөр зүтгэлийг Гавьяат тамирчин цолоор шагнаж, цаашдын спортын замналд нь улам их амжилтыг ерөөж байна.
Нийгмийн тусын тулд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр олны хүчийг уриалах, манлайлах, идэвхжүүлэх замаар төрийн хийх ёстой ажлыг төрийн бус байгууллагын шугамаар хийж болохын бодит жишгийг үзүүлж, тогтоож яваа сэтгэл, зүтгэлтэй жирийн нэгэн залууг би онцлон дурдмаар байна.
Чадраабалын Ганжавхлан – “Лантуун дохио” төрийн бус байгууллага, “ИД ШИДИЙН ОРОН” хүүхэд хамгааллын төвийн үүсгэн байгуулагч. Нийгэмдээ үзүүлж буй манлайлал, хүүхдүүдийн сайн сайхны төлөө гаргаж буй сэтгэл зүтгэлийг нь хүндэтгэж, Ч.Ганжавхланг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж байна. Өмнө чинь хийж бүтээх их үйлс, урт зам байгаа. Цаашдын үйл ажиллагаанд тань эрч хүч, урам зоригийг ерөөе.
Эрхэм манлайлагчид, гавшгайчид аа,
Та бүхэнд Төрийн цол, одон медаль шагнагдсанд тань дахин халуун баяр хүргэе. Өөрт ногдсон ажил үүргийг чин сэтгэлээсээ хийх, үр бүтээл гаргах, ард түмэндээ бүх боломж, сэтгэл зүтгэлээрээ үйлчлэх нь иргэн хүний хувьд эх орон, ард түмнийхээ өмнө байгуулж байгаа гавьяа юм. Гавьяаг үнэлэх, дэмжих нь төрийн нэгэн үүрэг билээ.
Ерөнхийлөгчид оногдсон үүргээ биелүүлж, би төрийн зүгээс олгох үнэлэмж, цол одон медалийг гардуулж байна.
Та бүхэнд дахин баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.