2020 оны 11 дүгээр сарын 30-нд "Монгол соёл-Монгол хүүхэд" цахим тоглолтыг зохион байгуулж, 43 мянган хүний хандалтаар 2.2 тэрбум төгрөгийн хандив "Хүүхдийн төлөө фонд"-д цугларчээ. "Хүүхдийн төлөө фонд"-д хуримтлагдсан мөнгийг өнөөдөр Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр жүжигчин Г.Ундармаа "Хүүхдийн төлөө фонд"-од цугласан хандивыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэж өгөх гэж байгаадаа маш их баяртай байна. 2 тэрбум 25 сая төгрөг таван банканд хадгалагдаж байгаа. Энэ данс руу өдөр бүр мөнгө орж байгаа. Нэг төгрөг ч энэ данснаас гараагүй. Таван банкнаас тодорхойлолт авснаа хамтад нь хүлээлгэж өгнө. Хандив өгсөн бүх хүмүүстээ баярлаж байгаа. Нийт 43 мянган ААН, иргэнээс хандив цугласан. 1-5 сая хүртэлх төгрөгийг 39 байгууллага, хувь хүн хандивласан. 2399 байгууллага, хувь хүнээс 1000 төгрөгөөс доош хандив орж ирсэн. Эдгээр мөнгөнөөс гадна нэг ширхэг уран зургийг зураач хандивласан. Хандив өргөсөн бүх байгууллага, хувь хүн рүү холбогдсон. Үйл ажиллагаа нь эхлэхээр хандив өгнө гэсэн олон хүн бий. Тэдэнтэй эргээд холбогдоорой. Тэмдэглэсэн олон ажлууд байгаа. Хандив өгч байгаа хүмүүстэйгээ холбоотой баярласан талархснаа илэрхийлж байгаарай. Хүмүүс Хүүхдийн төлөө фондны мөнгө яасан бэ. Б.Баатар Ундармаа хоёрын хувийн дансанд байгаа гэдэг. Хардах нь аргагүй. Үүнд бид бухимдахгүй байгаа. Ард түмний хандивт хүмүүс санаа тавих ёстой. Гэхдээ бидэнд итгэх ёстой байсан байх. Үнэхээр баяртай байна” гэлээ.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Монголынхоо сайхан сэтгэлт иргэдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Урлагийн тоглолтоор цугласан мөнгө, төсвийн хөрөнгө оруулалтын мөнгийг Хүүхдийн төлөө санд оруулж буй. Өчигдөр Төрийн сан байгуулагдсанаар албан ёсоор данс нь нээгдсэн” хэмээн онцоллоо.
Тус мөнгөөр Хүүхэд хөгжлийн ордон барих юм байна. Тухайн ордны зураг төсөл бэлэн болжээ. Мөн хотын дарга Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 1.1 га газрыг шийдэж өгсөн байна.