АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт нарыг "Оюу толгой"-н гэрээг үзэглэхдээ эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, ял оноосон билээ.
Өөрөөр хэлбэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, түүнд оноосон ялыг 4 жил 8 сар болгон бууруулсан. Харин тэрбээр өмгөөлөгчөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд хандсан.
Тэгвэл Улсын Дээд шүүх өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт нарын гомдлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн 1454 дүгээр магадлалтай, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг шүүгдэгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч Б.Баяраа, С.Баярцогт, түүний өмгөөлөгч Г.Орхон, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Ариунсангийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, Б.Ганцэцэг, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ.