Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинэ цэргүүдийг дэглэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, үүний дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Тэгвэл уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэхүү хэргийг цэргийн албанаас халагдаад явсан Э.Мөнхбаатар, Н.Одмандах, Ц.Энхбат нар үйлдсэн нь тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/ зааснаар, Н.Одмандах, Ц.Энхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих/ заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Одмандах, Ц.Энхбат нарт мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар