Мэргжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Зөвлөн туслах үйлчилгээ:
Орон нутагт:
“Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулахаар нийт 140 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллалаа. Нийт 283 зөрчил илрүүлэн 108 буюу 38.1 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Тухайн өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нийтийн үйлчилгээний 13, хүнсний үйлдвэр, үйлчилгээний 68, хүнсний бус бараа бүтээгдэхүүний зах, худалдааны 59 төвийг хамруулснаас сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөө бэлтгээгүй, үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй, QR кодыг байршуулж үйлчлүүлэгчдийг бүртгээгүй зөрчил нийтлэг байна.
Нийслэлийн хэмжээнд:
Хүнсний худалдааны 175, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 43, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 13, бусад 114, нийт 345 аж ахуйн байгууллага, иргэн хамрагдаж, 42 зөрчлийг илрүүлэн 7 буюу 16.6 хувийг арилгууллаа. Мөн үйл ажиллагааг нь нээгээд байгаа 47 чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, бассейн, кофе шопыг хамруулахад QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй зөрчил илэрснийг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Халдваргүйжүүлэлтийн хяналт шалгалт:
Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хүнсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээний 56, эрүүл мэндийн 10, сургалт, боловсролын 17, бусад 78 буюу нийт 161 аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нийт 81,098.1 м2 талбайд хийхэд хяналт тавин ажиллалаа.
Голомтын эцсийн халдваргүйжүүлэлт: Орон нутагт нийт 97 объектын 26,325.5 м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавихад илэрсэн зөрчилгүй. Нийслэлд нийт 6 объектын 9550 м.кв талбайд ЗӨСҮТ, “Хунт хайрхан ХХК”, “Түвшин билэг төгөлдөр” ХХК-ийн хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 4 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллалаа. Илэрсэн зөрчилгүй.
Вакцинжуулах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт:
Орон нутгийн хэмжээнд: 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Дорнод аймаг 36000 хүн/тун, Увс аймаг 12000 хүн/тун, Ховд аймаг 15600 хүн/тун, Завхан аймаг 25200 хүн/тун БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцин татан авсан ба тээвэрлэлтийн явцад хадгалалтын дэглэм алдагдаагүй, илэрсэн зөрчилгүй байна.
Aюултай хог хаягдлын хяналт шалгалт:
Нийслэлийн хэмжээнд нийт 64 цэгээс 5136.6 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулснаас 3842.1 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 1254 кг хог хаягдлыг шатаах зууханд шатаан устгасан байна. 7 аймгаас ирүүлсэн тандалтын мэдээгээр 47 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 15 тусгаарлан ажиглах байр, 29 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 29 дархлаажуулалтын түр цэг нийт 127 цэгээс 2399.1 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсныг устгах ажилд хяналт тавьжээ.
Хилийн хяналт шалгалт:
05 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр орсон 359 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлт, 279 зорчигч, жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна. Мөн улсын хилээр гарсан 325 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, 269 зорчигч, жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийн зөвлөгөө өгчээ. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.