Мартаxгүй тоглолтоороо “Мартагдашгүй” дурсамжийг TAKE OFF xамтлаг үлдээнэ
“Тэр” буландаа “Circus Mongolia Khadgaa” циркийн захирал, УГЗ Ч.Хатанбаатарыг ярьж ярилцлаа.
-Таныг циркийн урлагт анх хөл тавихад аав, ээжийн нөлөө их байсан гэж сонссон?
-Тийм шүү. Миний аав насаараа бурханд очитлоо урлагийн байгууллагад ажиллаж урлагийн бүхий л төрлүүдээр өөрийгөө сорьж үзсэн, урлагт зориулсан хүн. Миний ээж урлагт зүтгэж өнөөдрийг хүртэл 80 шахуу наслахдаа дуулж бүжиглээд явж байгаа ийм урлагийн гэр бүлээс гаралтай. 1978 онд циркийн дугуйланд аваачаад өгсөн ийм циркийн замнал, эхлэлтэй. 40 гаран жил циркээр амьсгалаад өнөөдрийг хүртэл явж байна.
-Та Улсын циркээс өрх тусгаарлахдаа “Circus Mongolia Khadgaa” гээд өөрийнхөө нэрээр циркээ нэрлээд тусдаа гарсан шүү дээ?
-Тэртээ 2000 оноос хойш цагийн салхи өөр тийшээ болж, хувиараа биеэ даах шаардлага зайлшгүй тохиолдож ирсэн. Ийм ч байдлаараа “Circus Khadgaa” гэж зоригтой, хамгийн түрүүнд өөрийнхөө нэрээр хувийн циркээ нэрлэж гарсан хүн бол би. Би ч чадалтай жүжигчдэд санал тавьж өөрсдийнхөө уран бүтээлийг бий болгож, 20-оод жилийн түүхийн хуудаснуудыг үзэж илээж, зүтгэж явна.
Гялалзаж яваа залуу насан дээрээ амжуулж байж циркт өөрийнхөө хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулсан ид шид, түүний үр өгөөж харагдах ёстой. Монголын циркчдийн авьяас чадварыг монголын энэ их 80 жил хөгжсөн их түүхийн салхийг уран бүтээлийг дэлхийд түгээх үйлсэд чамгүй л зүтгэцгээж байна.
-Улсын хэмжээнд ганц байдаг мэргэжлийн цирк хувьчлагдан өдгөө үйл ажиллагааг нь зогсоод байгаа. Цирктэй уран бүтээлээ холбосон хүний хувьд та энэ асуудал дээр байнга дуугарч болж бүтэхгүй байгааг нь хэлдэг?
-Энэ хүүхэд багачуудын сэтгэл зүйн хүмүүжил энэ их өргөн дэлгэр газар аваад байгаа гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэдэг энэ бүх асуудалтай циркийн урлаг салшгүй холбоотой. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг ганц урлаг циркийн урлаг.
Би 2000 оноос хувийн цирк байгуулж гүйхдээ улсын циркийг хувьчилна гэдэг нь буруу юм аа гэдэг байсан. Хувьчлал гэдэг бол маш хүнд сэдэв, эмзэг яриа. Энэ 80 жилийн циркийн түүхийг далд оруулах уу, дээш нь гаргах уу гэдэгтэй маш том холбоотой асуудал. Зөвхөн байшин биш. Зөвхөн газар биш. Энэ дотор нь амьдарч, амьсгалж байгаа ард түмний сэтгэл зүйд дэлхийд цаашлаад монголыг сурталчлах хамгийн том зэвсгийн нэг нь циркийн урлаг. Төр өөрөө хувьчилсан. Бидний хувь заяа тийм юм байлгүй дээ. Энэ их урлагийг буцааж сэргээх нэг л зам бий. Энэ бол төрийн бодлого. Бид зөвхөн өнөөдөр цирк хийгээд болоод байна. Урт настай, удаан жаргалтай урлагийг тогтоон өндөрт байлгая гэвэл ерөөсөө л төрийн бодлого, өөр гарц байхгүй
-Та ямархуу хүүхэд байв. Хүүхэд нас тань хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би унаган төмөр замын хүүхэд. Төмөр замын хүүхдүүд хөдөлгөөнтэй, авьяастай. Төмөр зам өөрөө том. Төмөр зам дээгүүр гүйнэ, хашаан дээгүүр гүйнэ. Хөдөлгөөн дунд өссөн. Бидний хүүхэд үе чийрэг байлаа. Хөдөлгөөнтэй, дугуй унадаг, усанд, голд сэлдэг. Хичээл ч гэсэн бас л чанга л байна шүү дээ. Гэхдээ яах вэ би багаасаа цирк хөөсөн учраас хичээлдээ бас 100 хувь шамддаггүй байсан. Багаасаа суралцах ёстой. Багаасаа уян хатан байх ёстой. Багаасаа эр зориг суусан байх ёстой. Зоримгий, шийдэмгий тэр олон зарчмуудын чинь биеийг бэлдэх гэж багаас нь хүмүүжүүлдэг.
-Хүүхдүүд тань циркийн урлагт хүчин зүтгэж байгаа. Та тэднийг хөтөлж оруулав уу, эсвэл цирк өөрөө тэднийг татав уу?
-Миний хүүхдүүд ч гэсэн аяндаа өөрсдөө цирк дагачихдаг л юм байна. Хүчээр цирк хийлгэсэн зүйл байхгүй. Өөрсдөө циркийн амьдралд аяндаа хөглөгддөг юм байна. Миний том хүү 1990 онд цаг хэцүү байх үед циркийн манежинд ээжийнхээ гэдсэнд дотор циркт тоглож байлаа. Одоо 30 хүрсэн залуу байна.
Охин цирк хийж байна. Хятадад циркийн сургуульд сурсан хамгийн анхны хүүхэд байгаа юм. 80 жилийн түүхт циркийн энэ арвин урын санд Зөвлөлтийн л нөлөө байсан болохоос биш өөр орны барууны Америк, Солонгос, Хятадын сургалт манайд байсангүй. Би охиноо заавал Хятадад сургана гэж хичээсэн. Түүндээ ч амжилтанд хүрсэн.
Одоо хүү, охин хоёр хоёулаа циркийн тоглолтод орохоос гадна, циркийн гадаад харилцааны асуудал, монголыг олон улсын циркт танилцуулах албанд хоёулаа зүтгэж байгаа. Урлагийн өндөр түвшинд нь эргээд бүтэн бүхий л төрөл нь оршсон ийм цирктэй болох юмсан гэдэг мөрөөдөл.
-Циркийн олимп гэдэг Монте Карлогийн наадмаас таны дасгалжуулсан баг хоёр удаа Хүрэл алиалагч цом хүртэн гайхалтай амжилтыг дурсахгүй байж болохгүй болов уу?
-Энэ монголын циркийн урлаг 80 жил хөгжиж байгаа олон жилийн нөр их хөдөлмөр, энэ олон ахмадуудын бидэнд өвлүүлсэн, үлдээсэн монголын газар шороон дээр цирк гэдэг дэлхийн агуу урлагийн үрийг тарьсан ахмад буурлууд, өнөөдрийн цирк хийж байгаа залуучууд, ирээдүйд цирк хийх хүсэл мөрөөдөлтэй залуучуудын итгэл үнэмшил, энэ олон жилийн мөрөөдлийг бид дэлхийн дэвжээнд аваачиж чадсанаараа бид бахархууштай. Тэгээд 80 жилийн түүхэнд барьж байгаа бэлэг. Ер нь нийтдээ монголын циркийн урлагийн жүжигчид 10-аад удаа Монте Карлогийн наадамд орсон байдаг. Монте Карло бол циркчдийн олимп. Бид гурван удаа очиж оролцохдоо гурван удаа тусгай шагнал, хоёр удаа Хүрэл алиалагч шагнал авсан. Циркийн урлагийн гол амин сүнс, циркийн урлагийн нүүр царай, циркийн урлагийн хөшиг алиалагч юм.