Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Улс төрийн задлан нэвтрүүлэг 10 дахь дугаараа ОЮУТОЛГОЙГООС МОНГОЛ ТОЛГОЙ ХОЖИХ УУ? Сэдвийн хүрээнд бэлтгэж, дөрвөн зочинтой ярилцсан. Нэвтрүүлгийн зочин ХҮН намын даргын зөвлөх, санхүүгийн тооцооллын мэргэжилтэн Д.Гантулгын ярилцлагын онцлох эшлэлийг хүргэе.
- Монгол улсын Засгийн газар энэ төслөөс хэдий хэр ашиг, өгөөж хүртэх юм бэ гэдгийг 2051 он хүртэл загварт оруулаад тооцож үзсэн. Яг одоо байгаагаар тооцвол Монгол улс ирэх 30 жилд, жишээ нь менежментийн төлбөр 6% байгааг 3% болгоод загвараа ажиллуулахад манай улсын авах өгөөж 6%-иар сайжирч гарч байгаа юм. Харин одоо тэглэсэн байгаа давхар татварыг одооны хуультай нийцүүлээд 20% авч чадвал өгөөж 30%-иар өсөх боломжтой. Энэ мэтчилэн гэрээн дээр орсон санхүүгийн бүх үзүүлэлтийг өөрчилж үзээд аль нь манайд хамгийн их ашигтай байна тэр талыг ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол бууруулаад сайжруулаад байдаг, нөгөө талд нь өгөөж нь хэр нэмэгдэж байгааг мэдэхгүй, илүү өгөөжтэй зүйлээ орхигдуулсан ч байж мэднэ.
- Наймаа хийх гэж байж тооны машингүй явж байгаатай ижил юм болоод байна. Том том тоо ярьж байна тоогоо бодож үзэх хэрэгтэй.
- Оюу толгой төслийг өөрсдөдөө ашигтай болгоход хамгийн их нөлөөтэй нь бидний тооцооллоор давхар татвар байна. Тэгэхэд Монгол улсын хүртэх өгөөж 30%-иар өсөж байгаа.
- Оюу толгой төсөл цаашдаа 17.4 тэрбум долларын санхүүжилт хэрэгтэй гэх тоо яриад байгаа. Гэтэл Оюу толгой, Рио Тинто компанийн 2020 оны техникийн репортод ямар хэмжээний баяжмал гаргаж зарах гэж байгаа мэдээлэл байгаа. Хэдээр зарах гэж байгааг бид олон улсын баяжмалын үнэлгээний дагуу тооцоо гаргаж үзсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орохоор ирэх жилүүдэд 2, 3, 4 дээд тал нь 5 тэрбум долларын борлуулалт хийнэ. Тиймээс бидний тооцооллоор энэ төсөл орлогоороо зарлагаа нөхөөд явчхаар байгаа юм. Өөрөөр хэлбэл нэмэлт мөнгө бараг хэрэггүй. Ганц 2023 онд 500 сая доллар дотор санхүүжилт хэрэгтэй байхаар харагдаж байгаа. Гэтэл яагаад 17.4 тэрбум доллар хэрэгтэй гээд байгаа юм? Энэ бол Рио Тинто компанитай хэлцэл хийж байгаа хүмүүс хамгийн эхэнд асуух тоо.
- Энэ төслөөс ногдол ашиг авч эхлэхээс өмнө эхлээд хувьцааны хөрөнгө оруулалт хийхэд авсан зээлээ төлнө. Тэгэхээр одоогийн тооцооллоор 2051 он хүртэл Монгол улс ямар ч ноогдол ашиг авахгүй.
- Мэргэжилтний хувьд харахад би нөлөөлж чадах зүйлээ шүүмжилнэ. Рио Тинто компанийг бид шүүмжлээд яах юм. Тэд бизнесийн байгууллага, ашгаа бодож орж ирж байгаа. Хамгийн гол нь манай улс төрчид өөрсдөө очиж баатар болох гэж мэдэхгүй зүйлээрээ оролдоод биднийг хохироогоод байна.
- Оюутолгойн ТУЗ дээр 3 хүн сууж байгаа. Мэргэжлийн хүн байхгүй байна. Яг сонгуульд ялаад төрийн өмчит компани дээр сонгуулийн шагнал болгож хүмүүсээ тавьдаг байдлаар ажиллаад байна. Эцсийн үр дүнд нь Монголчууд өгөөжгүй болчихсон. Нэг бодлын улс төрчдөөс болоод шившиг болж байна.
- Менежментийн төлбөр дээр алдаа гарсан. Рио тинто аваад идээд уусан ч юм уу, яалт ч үгүй зардал ихэссэн нь үнэн. 1.5 тэрбум доллар, маш их мөнгө, тиймээс хариуцлага тооцъё. Олон арга байж болно, жишээ нь үүнийгээ менежментийн төлбөрөөс суутгая гэдэг санал тавьж болно.
- Одоо Дубайн гэрээг цуцалснаар Монгол улсын өгөөж яаж өсөх вэ? Зардал нь 4.4 тэрбум доллар, дахиад 1.5 тэрбумаар өсөөд гарсан. Энэ талаар Дубайн гэрээнд ямар ч хариуцлага тооцох юм оруулж чадаагүй, цуцлаад бүр хүлээн зөвшөөрөх гэж байгаа юм уу? Би сайн ойлгохгүй байгаа.
- Бид яагаад зардалтай зууралдаад байна гэхээр нэгдүгээрт ногдол ашиг авахгүй болоод байна. Ногдол ашиг авахгүй болохоор бидний өгөөж буураад байна. Хоёрдугаарт зардал өндөр байхаар Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөх нь багасаж байгаа. Би биет бус хөрөнгө, бизнесийн үнэлгээний RICS буюу Royal Institution of Chartered Surveyors байгууллагын гишүүн, олон улсын үнэлгээний эрхтэй. Тооцооллыг 100% мэргэжлийн үүднээс хийж үзсэн, зүгээр хаа нэг газраас авсан тоо биш.
- Монголчууд төрдөө итгэх итгэл их сул болчихсон, яагаад гэдгийг бүгд мэдэж байна. Төрд гарсан хүмүүс нийтийн төлөө юм хийхгүй өөрсдийнхөө төлөө хийсээр байгаад тэр шүү дээ. Дээр нь шүүх засаглалаар дамжаад олон зүйл шударга бус болчихлоо.Тиймээс иргэд мэргэжилтнүүдийн үгийг сайн сонсох хэрэгтэй болов уу.
- Бүхэл бүтэн тусгаар улс байна даа аргаа олоод урагшлах ёстой. Түүнээс Рио Тинтог хааж боогоод хөөж гаргалаа гээд бидэнд Монголчуудад ашигтай биш.