Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн 0168 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр Өмнөговь аймгаас татагдан ирсэн байлдагч Х 2021оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 22:00 цагийн орчимд амиа егүүтгэсэн гэв.
Байлдагч Х нь цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан юм. Байлдагч Х “малаа эргээд ирье” хэмээн гараад малын хашаанд хоолойгоо боомилсон байдалтай олджээ.
Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байна гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хилийн цэргийн 0168 дугаар анги дээр асуудал болсон байгаа. Энэ асуудал дээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажил үргэлжилж байна. Уг байлдагчийн хувьд 7 хоногийн дараа гэртээ харихаар байсан. 25 настай Хөвсгөл аймгийн харьяат, ганц бие хүн байсан. Өмнө нь болсон үйл явдлуудтай холбоотойгоор Хил хамгаалах газарт ХЗДХЯ-наас тодорхой албан бичгүүд хүргүүлсэн. Алба хаагчидтай сэтгэл зүйн асуудал дээр бүх анги салбар, заставууд дээр сэтгэл зүйч ажиллуулах чиглэл өгсөн. Надад өгсөн өчигдрийн танилцуулгаар 7 хоногийн өмнө Хил хамгаалах ерөнхий газрын өгсөн чиглэлийн дагуу ангийн удирдлагууд алба хаагчидтай нэг бүрчлэн уулзаж, нөхцөл байдал хоол унд бүх зүйлийн талаар өөрсдөөс нь асууж хариулт авахад ямар нэгэн тодорхой зүйл илэрхийлэгдээгүй гэж байгаа. Бидний хувьд маш харамсалтай зүйл болоод байна. Яг энэ Сулинхээрийн отряд, Улаан уулын отряд гээд урд говийн хоёр отряд дээр ийм үйл явдал болсон. Өмнөх үйл явдлыг тодруулаад ажлын хэсэг гаргаад шалгаад анги нэгтгэлийн удирдлагуудыг өөрчлөөд ирсэн. Гэтэл анги нэгтгэлийн удирдлагуудыг солигдсоноос хойш хэдхэн хоногийн дараа энэ харамсалтай үйл явдал болсон. Бид ажлын хэсэг гаргаад ажлын хэсгийн гарсан дүгнэлтийг эргэж хэвлэл мэдээллийн байгууллагад танилцуулья” гэлээ.