Covid-19-ийн тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан энэ сарын 25-ныг хүртэл нийслэлд тогтоосон хатуу хөл хориог 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Хөл хорионы үед явган зорчигчийн хөдөлгөөнд цагдаагийн алба хаагчид хяналт тавин ажиллаж буй. Мөн нэмэлтээр харуул хамгаалалтын ажилтнуудтай ажиллаж байгаа.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын НХЖХ газрын чиглэлийн ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир “Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллаж байна. Энэ хүрээнд Дотоод хэргийн их сургууль, ОБЕГ, МХЕГ-ын алба хаагчидтай хамтран ажиллахын сацуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тодорхой тооны харуул хамгаалалтын байгууллагууд хөл хорионы дэглэмийг сахиулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Тухайн харуул хамгаалалтын алба хаагчид хариуцаж буй газрынхаа 50-100 метрт хорио цээрийн дэглэмийг сахиулан ажиллаж буй. Иймд иргэд харуул хамгаалалтын ажилчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэсэн юм.