Өнөөдөр 09.30 цагт товлогдоод байсан Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор түр хойшлогдоод байсан билээ. Тэгвэл Цэц түр хойшлуулсан Дунд суудлын хуралдаанаа 15.00 цагаас хийхээр товложээ.
Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж иргэн Т.Доржханд нар үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Эдгээр заалт нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй холбоотой. Улмаар Т.Доржханд нарын иргэд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж буй.
Өөрөөр хэлбэл, Цэц өнөөдөр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхтэй эсэхийг хянан хэлэлцэх юм.