Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс болон холбогдох хэлтсийн удирдлагууд иргэдээс ирж байгаа хөл хорионы талаарх нийтлэг асуултуудад хариуллаа.
Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга:
Энэ оны нэгдүгээр улиралд ахуйн хүрээнд архидсанаас үүссэн гэмт хэрэг 27-60 хувь өссөн.
Сүүлийн гурван хоногийн хугацаанд буюу хөл хорионй эхний өдөр 198, хоёр дахь өдөр 161, гурав дахь өдөр 136 хүн эрүүлжүүлэгдлээ. Энэ нь нийт 495 хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн үг.
Харин гэр бүлийн хүчирхийлэл өсөж эхний өдөр 107, хоёр дахь өдөр 140, гурав дахь өдөр 182 гээд нийт 429 дуудлага бүртгэгджээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 32 хувиар өссөн байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат:
Нийслэлд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог 400-450 мянган тээврийн хэрэгсэл бий. Бид гурван цаг тутамд хөдөлгөөний эрчмийг гаргаж ажиллаж байна. Яг одоо /15:35 цагт/ 7 орчим хувьтай байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 хувь нь хөдөлгөөнд оролцсон.
Бүх нийтээр хатуу хөл хорио тогтоосныг бүгд мөрдөж байж үр дүнд хүрнэ. 15 чиг үүргийн салбарын хүмүүс хөдөлгөөнд оролцохоор шийдвэрлэсэн. Нэг эргэлзээтэй зүйл нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд байгууллагынхаа дугаар бүхий машинаар зорчиж болно. Мөн хувийн унаагаараа, ажлын тодорхойлолттойгоор хөдөлгөөнд орж болно.
Гэр бүлээрээ салхинд гарах гэсэн хүмүүс байна. Үүнд зөвхөн гэрийнхээ ойролцоо гарахыг зөвшөөрсөн бөгөөд ойлголтын зөрүү гарсан нь ажиглагдаж байна.
Мөн хөл хорионы 15 өдөрт автомашины дугаараар тэгш сондгойгоор хязгаарлалт хийж байгаа ба хөл хөдөлгөөний эхний өдөр тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцсон ба дараа өдөр сондгой гээд ээлжилнэ. Тиймээс хуучин мөрддөг байсан гарагаар хязгаарлахгүй юм. Өөрөөр хэлбэл өмнө нь мөрддөг байсан дугаарын хязгаарлалтаас ондоо буюу хөл хорионы үед мөрдөгдөж буй журам юм.
Дугаарын хязгаарлалтад орохгүй дараах цөөн хэдэн салбарын автомашинууд бий.
- эмнэлгийн /яаралтай/ тусламж үйлчилгээ
- хүнсний үйлдвэрлэл түгээлт, /тухайн хүнсийг түгээдэг зориулалтын бүхээгтэй, хөргүүртэй, сурталчилгааны бичигтэй байх/
- оршуулга буюу буяны үйл ажилллагаа, буяны ажилд оролцож байгаа иргэд тухайн буяны байгууллагаас олгох бичгийг авч явна
- тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд
- тусгай нислэгээр ирж буй иргэдийг зөөх автомашин
- тусгаарлалтаас гарч байгаа иргэд буюу эмнэлгээс гарч байгаа иргэдийн машин
Төрийн байгууллагын ажилтнуудын 10 хувь нь өглөө 08:30 гэхэд ажил дээрээ очсон байх ба 17:30 хүртэл гадуур сэлгүүцэхгүй байхад хяналт тавин ажиллана.