Цар тахал нэмэгдэж буйтай холбоотой УОК болон Засгийн газрын хуралдаанаар 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар болсон.
Энэ нь цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх зорилгоор халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлоготой холбоотой гэж тайлбарласан. Гэтэл маргаашнаас буюу бямба гарагаас эхлэн хязгаарлах гэж буй мөртлөө одоог хүртэлх дээрх шийдвэрийн захирам гараагүй байгаа аж.
Тодруулбал, Нарантуул, Хүчит шонхор, Барс, Хархорин, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй, Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах гэсэн юм. Харин энэхүү шийдвэртэй холбоотой захирамж, тушаалыг тухайн байгууллагуудад хүргүүлээгүй байгаа юм.
Энэ талаар НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодрууллаа.
-Зах, худалдааны төвүүд маргаашнаас эхэлж хаана. Мөн ажлын өдрүүдээр 30 хувь хүртэлх хүчин чадлаар ажиллана гэсэн шийдвэр гарсан үүний дагуу ямар нэгэн захирамж гарсан боловуу, ямар ямар газар үүнд хамаарч байна вэ?
-Одоогоор ямар нэгэн захирамж гараагүй байна.
-Хэзээ гарах юм вэ, Шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ шүү дээ?
-Тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна.
-Худалдааны төвүүд рүү мэдэгдэл очоогүй байгаа юм байна тийм үү?
-Нийслэлийн засаг даргын захирамжан дээр хэзээ ажиллах, яаж ажиллах бүх нарийн шийдвэрүүд гардаг. Тэр захирамж нь гараагүй байгаа учраас наана нь ийм тийм гэж хэлэх боломжгүй байна.
Ийнхүү ойлгомжгүй шийдвэр гаргаж худалдаа эрхлэгч иргэд үүнд хохирч байна. Мөн тухайн шийдвэртэй холбоотойгоор худалдааны төвийн захиргааны ажилтнаас тодруулав. Тэрбээр “Бидэнд яг одоогийн байдлаар ирсэн мэдэгдэл алга. Мөн хэвлэл мэдээллээр мэдээлэхдээ Нарантуул, Хүчит шонхор, Барс, Хархорин, Нарантуул-2 зэрэг гэсэн байсан учраас яг ажил гээд байгаа юм уу үгүй юм уу гэдгийг нь ойлгоогүй. Бид Нийслэл рүү байн байн утасдаж лавлаад энэ талаар тодруулаад л сууж байна. Маргааш ямар ч гэсэн ажиллана гэсэн бодолтой байгаа” гэв.
УОК болон Засгийн газар цар тахлын улмаас маш олон шийдвэрүүдийг эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах үүднээс гаргаж байгаа гэх. Шийдвэр гаргаж болно гэхдээ шийдвэр нь тодорхой байх ёстой. Харин энэ мэт тодорхой бус шийдвэрүүдийг гаргаж ард иргэдийн дунд маш олон эргэлзээ, асуултыг үүсгээд буй.
Зах, худалдааны төвүүдийн төлөөлөл "Ямар нэг захирамж ирээгүй учраас бид ажиллана" гэдгээ илэрхийлсэн. Иймд тухайн гаргасан шийдвэрээ тодорхой, ойлгомжтой болгож өгөх шаардлагатай байгаа юм.