Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэлдэн тогтсоноос хойш хэд хэдэн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлж байна. Тэдгээр төлөвлөгөө дундаас 5000 залууст ухамсрын хүмүүжил заах нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох хөтөлбөр. Уг хөтөлбөрийг БШУЯ, ХНХЯ, БХЯ, Соёлын яам, ЗГХЭГ-аас дэглэж буй.
"Ажиллах хүчний сургалт" гэж сүрхий нэртэйгээр 5000 залууст эрүүл, эртэч, амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажил, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэж санаачлагчид хэлсэн байдаг. Угтаа бол өглөө эрт босч чадахгүй, эрүүл мэндээ ч анхаарч чаддаггүй залуусыг төр алгаа дэлгэн хүлээж авч зааж, сургаж өсгөж хүмүүжүүлнэ гэсэн үг. Мөн тухайн сургалтын хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг тусгасан гэнэ. Ийнхүү 11.8 тэрбум төгрөгийг үргүй зарцуулах "мэргэн" санаа хэрэгжиж эхлэхэд ердөө 10 гаруй хоногийн хугацаа үлдсэн байна.
5000 залуусын нэг сая төгрөгийн тэтгэмжид 5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бол харин 6.8 тэрбум төгрөг 5000 залуусын хоол, унаа, орон байрыг хангах зорилготой төсөвт тусгагджээ. Түүгээр ч зогсохгүй эдгээр 5000 залуусийн өмсөх хувцсыг хийж өгнө гэв. Ганц хувцас бус 5-6 ээлжийн жигдрэх хувцас хийнэ гэж Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин санал дэвшүүлсэн гэдэг. Төсвийн мөнгөндөө хахаж байгаа төрийн "ТАНСАГЛАЛ" үүгээр зогсохгүй.
Тус төсөлд шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлэх аж. Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалын шимтгэл орохгүй/-тэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөжээ. Үүнд шаардагдах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусгана гэнэ. Үүгээр иргэдийн төлдөг татварын мөнгө 5000 залуусын "баас, шээс" болох нь нэгэнт тодорхой боллоо.
-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИЖ БОЛНО. ХАРИН ӨГЛӨӨ ЭРТ БОСЧ, БИЕЭ ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЗААХ ЁСГҮЙ-
Монгол Улсын нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарсан. Тэгвэл эдгээр залуус эрт босч чадахгүй, бие бялдрын буруу хүмүүжилтэй, харилцаа хандлагагүй учраас ажил хийхгүй байгаа юм уу?, Үүнийг тодруулсан судалгаа, статистик бий юу? Яг үнэндээ ажилгүй гэсэн тодотголтой 92 мянган залуус гэдэг тоон дээр үндэслэн энэхүү төсвийг боловсруулсан бол үнэхээр учир дутагдалтай юм. Эдгээр залууст ажил хийх хүсэл эрмэлзэл байхгүйдээ хийхгүй байна уу эсвэл өөр бусад шалтгаантай юу гэдгийг тодорхойлж байж тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх учиртай.
Гэтэл ажилгүй 92 мянган залуус гэсэн тоон дээр дөрөөлөн төсвийн мөнгийг хувьдаа ашиглах зорилготой бүхэл бүтэн бүлэглэл төрд үүслээ. Өмсөх хувцас, идэх хоол, орон байрыг нь бэлдэж өгч байж тэдгээр залуус ажил хийнэ гэсэн бодол хэнд төрөв? Үүнийгээ залууст зориулсан ажилтай болгох хөтөлбөр гэж нэрлэх нь зөв үү? Жилээс жилд бэлэн хоол бэлдэж өгч залуусыг ухамсрын доройтолд нэрвэгдүүлэх төрийн бодлого гэж хэлэх нь зүйтэй байх. Ийнхүү 5000 залуусын "баасыг" бэлдэхээр зориг шулуудсан төрийн дутмаг бодлогод татвар төлөгчдийн хөлсөө урсган төлсөн мөнгө жорлонг дүүргэх нь ээ.