Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах хүрээнд аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг ийнхүү эхлүүлж байна. Талууд дараах чиглэлээр хамтран ажиллана:
Монгол Улсыг олон улсад сурталчлах зорилгоор аялал жуулчлалын салбарын цахим шинэчлэлийг эхлүүлэх,
“Жуулчны мэдээллийн төв”-ийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагчдад Монгол Улсыг виртуал орчинд сурталчлах боломжийг бүрдүүлэх,
Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох,
Аялал жуулчлалын салбарт цахим мэдээллийн платформыг нэвтрүүлэх,
Виртуал аялал жуулчлалыг нэвтрүүлэх, түүнд зориулсан өгөгдлийн сан, програм хангамжийг бий болгох
Хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал хэлбэрээр сурталчлах боломж бүрдэнэ.
Виртуал орчинд аялах, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр “ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС” ХХК зорин ажиллаж байгаа юм. Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд орчин үеийн VR төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал контент бүтээхээр ажиллаж байгаа аж.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах "Жуулчны мэдээллийн төв" нь ирэх 7 дугаар сард ашиглалтад орох бөгөөд зорин ирэх аялагчдад VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээг санал болгох юм.