Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 19341 шинжилгээ хийхэд 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр халдвар авсан хүмүүсийн тухайд Улаанбаатар хотын голомтоос үүдэлтэйгээр 102 тохиолдол батлагдлаа. Үлдсэн нэг тохиолдол нь хоёрдугаар сарын 25-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэн байлаа.
Ингэснээр Улаанбаатар хотод 2789 тохиолдол батлагдаад байгаа бол дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 3664 боллоо. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 2907 хүн эдгэрч, гэртээ гарсан байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 15 тусгаарлан ажиглах байранд 580 хүнийг ойрын хавьтлаар тогтоон ажиглаж байгаа аж.
Орон нутгийн тухайд найман аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна" хэмээн мэдээллээ.