Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр өглөө шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагджээ.
Тодруулбал, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад Шадар сайд С.Амарсайханы хамт орсон талаараа хотын дарга мэдээллээ. Тэд БНХАУ-ын Синофарм вакциныг тариулсан байна.
Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Вакцинжуулалтын ажлыг Оксфордын АстраЗенека вакцинаар эхэлж байв.
Гуравдугаар сарын 10-ны өдөр хуваарь ёсоор худалдаа, үйлчилгээний ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулах бөгөөд өнөөдөр 12-15 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.