Орон нутгийн зам нээсэнтэй холбоотой ПСР шинжилгээ авах цэгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Мөн үүнээс шалтгаалж шинжилгээ авах цэгүүдийн тоог нэмсэн хэдий ч ачаалал багасаагүй байгаа юм. Чингэлтэй дүүрэгт гурван шинжилгээний цэг ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар зөвхөн 50-р сургуульд байрлах шинжилгээ авах цэг ажиллаж байсан учраас ачаалал нэмэгдэж эхэлжээ.
Тиймээс Чингэлтэй дүүрэгт байрлах 50-р сургуулийн ПСР шинжилгээ авах цэг дээрх иргэдээс цаг авч үйчлүүлж байгаа эсэх талаар тодрууллаа.
“Гурван хоногийн өмнө eruul.gerege.mn сайтаас цаг авсан. Авсан цагийн дагуу дөнгөж сая ирээд хүлээгээд зогсож байна”
“Би журмынхаа дагуу цаг авсан. Би гэхэд цагаа авчихсан мөртлөө хамгийн сүүлд дараалалд зогсох болчихсон байна. Урьдчилаад цагаа аваад, ажлаа төлөвлөөд ирсэн хүмүүс нь цагаараа орохгүй байна. Ийм байдлаар байх юм бол ерөөсөө өнөөдөр бүтэхгүй. Долоо хоногийн өмнө, хэдэн сарын өмнө ч ингэж байсан. Одоо ч өөрчлөгдөөгүй байна. УОК, НОК-оос шийдвэр гараад байдаг гэтэл хэрэгжихгүй байх юм. Цагаа аваад үйлчлүүл гэсэн бол цагаа авъя, цаг авахгүй гэвэл хамаагүй энд дараалалд зогсоод үйлчлүүлье”
“Би 10 цаг 36 минутын цаг авсан. Гэтэл одоо хүмүүсээс асуухад цаг хамаагүй дарааллаараа ор гэж байна. Үүнээс хойш 20 минут хүлээж байна”
“Цаг авсан, аваагүй дараалалд зогсоод ор гэж байна. Би хувьдаа цаг аваагүй. Энд байгаа хүмүүсээс асуухад цаг авсан, аваагүй оочерлоод ор гэнэ. Энд дараалалд зогсоод цаг гаран хугацаа боллоо” гэлээ.
Ихэнх иргэд цаг авсан боловч урт дараалал үүссэн учраас бүгд цаг авсан, аваагүй хамаагүй дугаарлаж үйлчлүүл гэсэн шаардлагыг тавьжээ. Мөн цэг дээр ажиллаж буй албан хаагчдаас цагаар үйчлүүлэх ёстой юу эсвэл үгүй юу гэдгийг тодруулах гэсэн боловч тайлбар өгөхийг хүсээгүй юм.