Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа. Энэ өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд иргэд эмэгтэйчүүд, жендер, хүний эрхийн асуудлаар тайван жагсаал хийн байр сууриа илэрхийллээ.
Тайван жагсаалд нэгдсэн иргэний байр суурийг хүргэе. Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж иргэдээ ялгаварлан гадуурхсан үйл явдал боллоо. Тэрээр мэдэгдэлдээ эмэгтэйчүүдийг тэр дундаа нялх хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нийгмийн идэвхгүй хэсэ мэтээр олон нийтэд ойлгогдохоор жишээг татаж ярьсан. Мөн эрчүүдийг шөнө оройн цагаар идэж, уугаад хэвтэж байдаг ажилгүй хүмүүс гэх мэтээр иргэдээ гарал байдлаар нь зүслэн доромжилсон. Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр эмэгтэйчүүдийнхээ болон иргэдийнхээ хүний эрхийг хамгаалах зорилгоор иргэд сайн дураараа төв талбайдаа ирж үзэл бодлоо илэрхийлж байна. Ерөнхий сайдын хувьд энэ хийсэн хариуцлагагүй мэдэгдэлдээ маргааш нь уучлал гуйх нэрийн дор дахин доромжилсон өнгө аястай зүйлийг хэлсэн. Тэрээр буруу ойлгогдсон юм шиг байна. Буруу ойлгосон бол уучилбал уучлаарай гэсэн маягтай зүйл хэлсэн. Ерөнхий сайд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, иргэдийнхээ дуу хоолойг сонсох үүрэгтэй. Тиймээс наад захын хүний эрх, жендерийн мэдрэмжгүй хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулмааргүй байна. Тиймээс бид Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн байр суурь дээр нэгдэн иргэд сошиал орчинд гурав хоног хэлэлцүүлгийг явууллаа. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр бид Ерөнхий сайдад энэхүү шаардлагаа тайван замаар хүргэж байна.
Мөн Ерөнхий сайдын нэг ноцтой асуудал нь энэ үүссэн асуудалтай холбогдуулан хорих ангид хоригдож байгаа гэх Т.Чимгээ гэгч эмэгтэйн эрх зөрчигдсөн асуудлаар мэдэгдэл хийсэн. Харамсалтай нь энэ талаар аль хэдийнээ мэдэж байсан хирнээ зөвхөн өөр дээр нь асуудал үүсээд ирэхээр сенсацийг сенсациар дарах оролдлого хийж тэр Т.Чимгээг өнөөдөр мартын 8-наар баяр ёслолын байдалтай очиж эргэнэ гэсэн байгаа. Уг нь тэнд хүний эрх зөрчигдөж байсан асуудлыг мэдэж байсан бол тухайн цаг үед нь тэнд шуурхай арга хэмжээ авч тэнд үүсээд байгаа хүний эрхийн зөрчлийг яаралтай арилгахад өөрийн эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Энэ нөлөөллийг үзүүлэх ёстой байсан. Харамсалтай нь өөр дээр нь үүссэн хүний эрх, эмэгтэйчүүдийг зөрчсөн ноцтой мэдэгдлийн сенсацийг дарах зорилгоор тэр эмэгтэйн асуудлыг сөргүүлж гаргаж ирж байгаа нь өөрөө ёс зүйгүй үйлдэл. Энэ үйлдлүүд нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтууд НҮБ-д нэгдсэн тодорхой гэрээ, конвенцыг зөрчиж байгаа юм. Бидний зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн асуудлаар олон улсын байгууллага, Үндсэн хуулийн цэц, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж үйл явдлын талаар мэдээлж байгаа.
Энэ мэдэгдлийг Ерөнхий сайд Жендерийн үндэсний хорооны арга хэмжээн дээр мэдэгдсэн. Ерөнхий сайд гэдэг хүн үгээ бодож цэгнэж судалгаатай, судалгаан дээр тоо баримт дээр үндэслэж ярих ёстой. Харамсалтай нь цээжнийхээ пангаар Ерөнхий сайдад байж боломжгүй хариуцлагагүй алдааг гаргасан. Тиймээс бид Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна”
Тайван жагсаалд нэгдсэн иргэн “Л.Оюун-Эрдэнэ сайд та жендерийн асуудлаар мэддэг чаддаг хүмүүсээс нь лекц аваач ээ. Үнэгүй энэ талаар яриад өгөхөд бэлэн байна. Уучлаарай би каринтенаар таргалсан гүзээтэй байх эрхтэй шүү Ерөнхий сайд аа гээд энд өнөөдөр зогсож байна” гэлээ.
Иргэдийн ихэнх нь "8>9 #Огцор9 #Сancel9 #CancelPM" гэсэн бичигтэй цаас барин зогсож байгаа бөгөөд ямар нэг зохион байгуулалтгүй өөрсдөө цугласан хэмээлээ.