Дэлхий нийтийг хамарсан цар тахал намжаагүй улс орон бүр л иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахин амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгахыг байнга сануулсаар байгаа.
Саяхан АНУ-ын төрийн тэргүүн 500 мянган хүнээ коронавирусийн цар тахлын улмаас алдсан харамсалтай мэдээг дуулган улс орон даяар тав хоногийн гашуудал зарлан төрийн далбаагаа бөхийлгөсөн. Энэ үеэр АНУ-ын төрийн дээд албан тушаалтнууд амны хаалттай ард иргэдийнхээ өмнө гарч ирэн эмгэнэл илэрхийлсэн байдаг.
Монгол Улсын хувьд ч дотоодод цар тахлын халдвар дэгдсэнээс хойш хоёр ч удаа урт хугацааны хатуу хөл хорио тогтоон энэ сарын 23-наас хөл хориог сулруулаад байгаа. Гэхдээ хөл хориог сулруулснаа халдвар тархахгүй гэх үндэслэл байхгүй учраас амны хаалтаа байнга зүүн, хүн хоорондын зай барихын эрүүл мэндийн салбарынхан болон УОК, НОК-оос иргэддээ уриалан тэр бүү хэл амны хаалтгүй иргэдэд албан байгууллагууд үйлчлэхгүй байх журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Бид энэ сарын 23-нд вакцинжуулалтын эхний алхмаа эмнэлэг, халдварын бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нараас эхлүүлсэн.
Бүх нийтээрээ халдвар хамгааллаа дагаж мөрд гэчхээд МАН-ынхан өнөөдөр тохиосон Эх орончдын өдөр Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд амны хаалтгүй энх цаг шиг л инээмсэглэсэн дүр төрхтэйгөөр иргэдтэйгээ мэндчиллээ. Энэ мэт гаргасан журмаа өөрсдөө зөрчөөд баймааргүй байна.
Өнөөдөр та бүхний хувьд баярын өдөр ч цар тахал намжих болоогүй тул ард иргэддээ зөв үлгэр дуурайл үзүүлэн амны хаалтаа зүүцгээнэ үү!