Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өчигдөр хуралдаж, аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрээ дахин гурав хоногийн хугацаагаар сунгасан байна.
Учир нь сар шинийн баярын өмнөхөн нийслэл Улаанбаатар хот буюу халдварын голомтот бүс нутгаас очсон иргэдийн гэрийн ажиглалт, тусгаарлалтын 14 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байгаа учраас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Аймгийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар сарын 3-наас хойш ирсэн нийт 1036 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байгаа аж.
Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Ховд аймгийн нутаг дэвсгэр сум орон нутгаас гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 00:00 цагаас хоёрдугаар сарын 20-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.
Түүнчлэн тус аймагт зах худалдаа, үйлчилгээний төвүүдийг өнөөдөр 10:00 цагаас эхлэн нээхээр болжээ.