Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны хөл, машины цуваа нар мандахаас шингэх хүртэл тасардаггүй байв.
Өнгөрсөн жил монголчууд анх удаа коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор гадуур гарахгүй золголт хийхгүй цомхон цагаан сараа тэмдэглэж иргэд Гандантэгчэнлин хийдийн My.gandan.mn цахим хуудсаар засал номоо хийлгэсэн. Тэгвэл энэ жил ч мөн адил Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгах аж. Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.
Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn цахим сайтаар айлтгаад эхэлсэн. Сайтаар засал номоо хийлгэх иргэдэд албан ёсны хариуг айлтгал хариуцсан хүмүүс мессеж болон мэйл хаягаар илгээж байгаа. Нэгэнт сүсэгтэн ном айлтгасан бол түүнийг гарцаагүй хурах нь лам хуврагуудын үүрэг. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч гэсэн олон дацанд хурлыг хариуцсан уншаач, хурлын зан үйлийг үйлдээч, түүний тахил балин бэлтгэгч гэхчилэн олон хүн үүргээ аваад ажиллаж байна. Сүсэгтэн олон шинийн 1-15-нд ном уншуулж, засал номоо хийлгэдэг нь эртнээс тогтсон ёс заншил, зан үйлийн нэг юм. Нөгөө талаас сарын шинийн нэгэн буюу хаврын тэргүүн сарын 15-ны хугацаанд бурхан багш эрт хувилгаан үзүүлж, ном номлосон үе. Энэ үед алив буяны үйлийг үйлдвэл үлэмж илүү буюу эгэл жирийн өдрөөс илүү тустай гэж сүсэгтэн олон, бурхны шавь нар үздэг.
Ер нь аль ч үед иргэд ном уншуулж, зан үйл хийлгэх боломжтой ч заавал цагаан сарын шинийн 1-15-нд засал, номоо хийлгэхийг зорьж эрхэмлэдэг нь ийм учиртай. Гэхдээ сар бүрийн шинийн нэгнээс 15-н хүртэлх хугацаа биш юм гэдгийг ойлгох нь зүйтэй.
Иргэд дүйчин өдрүүдэд засал зан үйлээ хийлгэхийн зэрэгцээ бурхны шашны зан үйлийг танин мэдэх, түүнийг сонсч оюун санаа, сэтгэлийн муу гэмийг арилгах нь заслын дээд юм. Уншиж буй ном нь энэрэл нигүүлсэх, оюун санааг хөгжүүлэх сургаалууд байдаг учраас сүсэгтэн олон үүнийг таньж мэдэхэд зориглоосой. Заслаа хийлгэх, бурхны сургаальд гол анхаарлаа хандуулах энэ хоёр зүйлд шамдвал засал номын дээд болно гэж багш нар айлддаг" хэмээв.