Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Засгийн газраас эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа аврах 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг эдийн засгийн тооцоолол судалгаа, үндэслэлтэйгээр иргэдэд танилцуулсан.
Төлөвлөгөөний гол тактиктаа бодлогын өөрчлөлт хийж байна. Өнгөрсөн хугацаанд халдварын эсрэг хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ тухайн үедээ зөв байсан. Ер нь, дэлхийн улс гүрнүүд хоёр чиглэлээр коронавирустэй тэмцэж ирсэн. Иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт анхаарах эсвэл эдийн засгаа аврах чиглэлээр ажилласан байна. Манай улс иргэдийн эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг анхаарах нь зайлшгүй шаардлагатай учраас Засгийн газраас энэхүү цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Хэрвээ бид одоогийн төлөвлөгөөгөөр явбал энэ оны II, III улирлаас эхлэн эдийн засгийн хувьд хүндрэл гарч, эрүүл мэндийн салбарыг ч санхүүжүүлж чадахгүй хүнд байдалд орох магадлалтай байсан. Тиймээс цогц арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. Хоёрдугаар сарын 10-нд төлөвлөгөөг танилцуулснаас хойш ард иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа.
Мөнгөний нийлүүлэлтийн талаар өмнө нь бид мэдээлэл өгч байсан. Ард иргэдийн дунд мөнгө хэвлэх гэж байна гэсэн буруу ойлголт яваад байна. Мөнгө хэвлэнэ гэдэг бол мөнгөний нийлүүлэлтийг улс төрийн хэллэгт оруулж буруу ойлголт өгөөд байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд эдийн засаг огцом зогсолтод орсон гэж ойлгож болно. Бараг 60-70 хувь нь зогссон. Үүнийг сэргээх бодлого төлөвлөгөө хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.
Мөнгөний нийлүүлэлт 2011, 2012 онд 70 хувийн өсөлттэй байсан. Эдийн засгийн хэвийн өсөлттэй жилүүдэд мөнгөний нийлүүлэлт 35-40 хувьтай байдаг. 2020 оны хувьд 15 хувь хүртлээ бууралттай гарсан байна. Мөнгөний эргэлтийг сайжруулах шаардлага байгаа юм. Тэгэхээр мөнгө хэвлэх гэдэг буруу ойлголтыг цаашид зөв ойлгож яваасай гэж хүсэж байна.
Цаашид эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд банк дээр гацаж байгаа зээл олголтыг нэмэгдүүлэх, 2020-2021 онд батлагдсан төсвийн хүрээнд хийх хөрөнгө оруулалтуудыг хийх, гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг нэмэх чиглэлүүдийг цогц хөтөлбөрт багтсан. Түүнээс биш халамжийн чиглэлээр бэлэн мөнгө хэвлэж тараах асуудал байхгүй.
Ойрын хугацаанд хэрэгжүүлэх үргэлжлүүлэх томоохон мега төслүүдийг эрчимжүүлнэ. Тухайлбал, Эрдэнэс-Тавантолгой дээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүд, Дорноговьд барьж байгаа нефтийн үйлдвэрийн төслийг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна.
10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний төсвийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй шийднэ. Одоогоор хэрэгжиж байгаа төслүүдээс дурдвал МИК төвтэй ипотекийн зээлийн санхүүжүүлэлт юм. Ипотекийн зээл 8-6 хувь болсонтой холбоотойгоор 95 тэрбум төгрөгийн 1200 гаруй гэрээ хийсэн нь хэрэгжиж эхэлснээс хойш хамгийн өндөр тоон үзүүлэлт болсон. Цаашид энэ эрчээрээ үргэлжлүүлэх боломжтой хэмээн Төв банкнаас мэдэгдсэн.
Засгийн газрын 17-ны хуралдаанаар цогц төлөвлөгөөний нарийвчилсан төлөвлөгөөг гаргана" гэлээ.