Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар УОК, ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 7-нд нийт 38451 хүнд PCR шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрсэн. 2 хүн нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Бусад нь тусгаарлалтад байсан болон өмнөх тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илэрсэн.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд гурван өдөр 109 мянган хүнд шинжилгээ хийхэд 6 хүнээс коронавирус илэрлээ. Ингэхдээ нэг өдөрт хоёр, хоёр тохиолдол илэрсэн. Эхний ээлжинд 4 тохиолдлын ойрын хавьтал 5 хүн өвчилсөн, нийтдээ 11 хүнээс халдвар илэрлээ.
Өрх бүрээс шинжилгээ авч байгаа нь нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол ямар байна гэдэг дээр онцгой ач холбогдолтой. Үүнээс үүдэн дараа дараагийн хариу арга хэмжээ авах тактик боловсруулна. Мөн вакцинд хамрагдахад манай хүн амын дунд халдварын тархалт ямар байгааг тодорхойлж байна.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 1839 боллоо. Дотоодын халдвар буюу голомтод 1563 хүн коронавируст халдвар бүртгэгдсэн байна. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
- Улаанбаатарт 1513
- Сэлэнгэ аймагт 217
- Орхон аймагт 25
- Дархан-Уул аймагт 45
- Дорноговь аймагт 32
- Говьсүмбэр аймагт 4
- Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 2351 байгаагаас эдгэрсэн 1682 хүн байна.
Өчигдөр 29 хүн эмчлэгдэн гэртээ гарсан.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 621 хүн эмчлүүлж байна. Маш хүнд нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэлээ.
Нийслэлд өнөөдөр зургаан голомт идэвхтэй байна.