Монголын Үндэсний бөхийн холбооноос сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд "Сар шинийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулагдах боломжгүй боллоо. Даяаршлын өнөө үед Монголчууд бусдаас ялгагдах өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлж байх нь бид бүгдийн үүрэг бөгөөд энэхүү өв соёл, уламжлалаасаа аажмаар холдож, бүх талаараа дэлхийн хамгийн хоцрогдсон, дорой буурай үндэстний хэв шинжийг улам бүрдүүлсээр байгаа нь харамсалтай.
Төрт ёсны уламжлалт Сар шинийн барилдааныг зохион байгуулахыг дэмжиж ажилласан Нийслэлийн Онцгой Комисс, “Аеро Монголиа” ХХК, “Хүннү Айр” ХХК болон бөхийн барилдааныг тасалдуулахгүйн тулд орон нутагтаа зохион байгуулах санал гаргасан Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн ЗДТГ, Увс аймгийн Үндэсний Бөхийн салбар холбоондоо, мөн бөхчүүддээ гүн талархал илэрхийлье" хэмээжээ.
МҮБХ сар шинийн барилдааныг хоёрдугаар сарын 11-ний өдөр үзэгчгүйгээр улс, аймгийн цолтой 128 бөх барилдуулах шийдвэрийг гаргасан ч цар тахлын нөхцөл байдал хийгээд хөл хорио тогтоохтой холбоотойгоор энэ шийдвэрийг УОК-оос цуцалсан.
Мөн холбооноос сар шинийн барилдааныг үзэгчгүйгээр Говь-Алтай аймагт зохион байгуулах саналаа хүргүүлсэн ч Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын С.Амарсайхан сар шинийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэдгийг өчигдөр хэлсэн юм.