Улаанбаатар хотын иргэдээс сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч улс төрийн барометр хэмждэг MEC судалгааны компанийн 2021 оны хоёрдугаар сарын судалгааг цувралаар хүргэж байна.
Энэ удаад үйл ажиллагаа нь таалагддаг таван улс төрчийг нэрлэж байна. Энэхүү жагсаалтын нэгдүгээрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 35 хувьтайгаар жагслаа. Өмнөх саруудад түүний рейтинг 5 хувь байсан бол энэ сард 30 хувиар огцом өсөн ийнхүү жагсаалтыг тэргүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх сарын 27 хувиа хадгалан жагсаалтын хоёрт бичигдсэн бол Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн рейтинг 8 хувиар буурч 23 хувьтайгаар гуравдугаар байр уу орсон байна. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатарын рейтинг 6 хувиар өсөж 22 болж дөрөвт бичигдсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржхандын рейтинг 2 хувиар өсөж 15 хувь болон тавдугаарт жагслаа.
Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1006 иргэнээс нэгдүгээр сарын 28-31-нд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар утсаар цуглуулжээ.