Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай зангиагүй уулзалт хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна.Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэд стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг, гар утаснаасаа төрийн үйлчилгээг авдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг үндэстэн болох ёстой.
Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал. Удахгүй бид цахим хөгжлийн яамтай болно. Цахим үндэстэн болцгооё.
Хаврын чуулганаар "Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль"-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлж оролцсон банк, үүрэн телефоны операторуудад баярлалаа.
Соёлын сайдаар албаар Ч.Номинг томилсон. Учир нь би соёлыг эдийн засагжуулахыг хүсэж байна. Старт ап комданиудад татварын хөнгөлөлт үзүүлж дэмжиж болно.
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг бүх зүйл дээр байгуулж, хувийн хэвшлүүдэд саад болж болохгүй.
Салангид байгаа системүүдийг холбож байж цахим үндэстэн болно. Улсаараа өөрчлөх зорилтын төлөө хамтдаа алхах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой юм. Газрын харилцааг ч мөн цахимд холбоно. Гэрчилгээг цаасаар биш цахимаар, баганан кодоор олгох ёстой.
Гааль, шүүх, татвар цахимжсан. Үүн дээр Сангийн яамныхан сайн ажилласан. Улсын бүртгэлийг цахимжих хэрэгтэй. Яваандаа сонгуулийг цахимаар өгдөг, тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдалгүй авдаг байх учиртай. Та шаардлагуудыг хангаж чадвал цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно.
Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй. Тэр нь түгжрэл үүсгэдэг. Мөнгө нь төрд эсвэл хувьд нь ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой. Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин бэ, хэд нь хотын төвөөр хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд түгжирч байна вэ гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж шийдэл гаргана.
Зөвхөн бид дотооддоо биш дэлхий рүү харах нь чухал. Цахим мөнгөтэй асуудлыг би харья. Цахим гарын үсэг юун дээр гацсаныг нягтлая.
Бидний хувьд бүх зүйлийг гаднаас хуулж болохгүй. Одоо л бид чин сэтгэлээсээ хичээгээд үзээд алдмаар байна. Манай Засгийн газар өмнөх Засгийн газруудын хамгийн сайн бодлогын залгамж халаа байх болно.
Жижиг асуудлууд нийлээд том зүйл болох асуудал байдаг. Төрийн цахим шилжилт хийгдээгүйгээс болоод өнөөдрийн хүнд суртал үүссэн ч байж магадгүй. Өчигдөртөө дүгнэлт хийн ирээдүйгээ өөрчлөх боломжтой. Тиймээс бид өнөөдрийг ашиглах ёстой гэж бодож байна.
Миний амьдралд Ерөнхий сайдаар ажиллах цаг нэг л гарна. Би итгэл үнэмшилтэйгээр улс төрийн манлайлал хийнэ” гэв.