ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зарим их, дээд сургуулиудын өдрийн ангийн сургалтын үйл ажиллагааг “Роспотребнадзор”-тай зөвшилцсөний үндсэн дээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн танхимын горимоор зохион байгуулахыг зөвшөөрсөн тухай Гадаад харилцааны яам мэдээллээ. Уг шийдвэртэй холбогдуулан Москва, Санкт-Петербург хотын их, дээд сургуулиудын хичээл танхимын горимонд шилжиж байгаа аж.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан улсын хил нь харилцан нээгдээгүй орнуудын оюутан (монгол оюутнууд үүнд хамааралтай) 2020 оны ес, аравдугаар сарын жишгээр зайнаас хичээлдээ оролцох юм.
Иймд, ОХУ-д суралцдаг оюутан залуусыг харьяа сургуулийнхаа холбогдох нэгж, албадтай шуурхай холбогдон зайны сургалтад хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авахыг тус яамнаас зөвлөж байна. Сургууль бүр өөр өөрийн онцлогт тохируулан зайн сургалтаа явуулах юм байна.