Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 оны зун, намар зуншлаг муу байсантай холбоотойгоор ан амьтад тарга хүчээ 50-70% буюу муу авсан байсан. Улмаар цас их орж, өвөлжилт хүндэрсний улмаас тодорхой тооны буга, аргаль, янгир, цагаан зээр өвс тэжээлийн дутагдлаас болж хорогдлоо.
Одоогийн байдлаар Өшгөгийн нуруу, Ханхөгшин, Эрээн уул, Аргалантын нуруу, Бага богдын нуруу, Арцын нуруу, Өөш, Дулаан Богд, Халзан хайрхан, Баян хайрхан Баянзүрх, Зүүн хайрхан Дөлгөөн уул, Дулаан хайрхан, Жаргалантын нуруу, Өнөцаг хайрхан, Орхоны хөндий зэрэг газрын 62 цэгт тус аймгийн БОАЖГ, 16 цэгт Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа туруутан амьтдад зориулан өвс тэжээл, хужир шүүг тодорхой давтамжтайгаар тавьж, биотехникийн арга хэмжээ аваад байна.
Мөн зэрлэг ан амьтдын байршил хөдөлгөөн, тархалт, өвөлжилтийн байдалд тогтмол ажиглалт судалгаа хийж байгаа юм байна. Энэхүү ажилд тус хоёр байгууллагаас гадна сумдын ЗДТГ, байгаль орчин хамгаалах улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, агнуурын бүс нутаг хариуцагч аж ахуйн нэгжүүд, нөхөрлөлийн гишүүд, идэвхтэн байгаль хамгаалагчид, Гэрэл зургийн холбоо болон иргэд хамтран оролцож байгаа аж.
Цаашид өвөлжилт хүндэрч, байдал улам бүр хүндрэх төлөвтэй болж байгаа учир Өвөрхангай аймгийн Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Есөнзүйл, Уянга, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Хужирт, Хархорин, Сант, Бүрд сумын нийт 86 цэгт ховор ан амьтад болох аргаль, янгир, халиу буга, цагаан зээр зэрэгт хужир шүү, өвс тэжээл таьж өгөх биотехникийн арга хэмжээг 14 хоног тутамд давтамжтайгаар авах шаардлагатай үүсжээ.
Иймээс аялал жуулчлалын салбарын залуусын үүсгэн байгуулсан “Мөнх Ногоон Хөтөч” ТББ-аас санаачлан “Хангай говийн ховор амьтдаа хайрлан хамгаалцгаая” уриатай аяныг эхлүүлсэн байна. Тэд Өвөрхангай аймгийн БОАЖ-ын газар, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо болон аймгийн гэрэл зурагчдын холбоотой хамтран шаардлагатай цэгүүдэд өвс тэжээл, хужир шүү тавьж өгөх сайн дурын ажлыг эхлүүлж байгаа бөгөөд олон нийтийг мөн идэвхтэй оролцож, хандив тусламж үзүүлэхийг уриаллаа.