Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх хурал найман цаг үргэлжилсний эцэст шүүхчид тогтоолоо танилцуулжээ. Тодруулбал, Н.Номтойбаяр, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарыг үүрэгт ажилдаа хайнга хандсан, ажилтнууддаа хяналт тавиагүй гэж үзлээ.
Харин Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Д.Баттөгс нарыг гэм буруутай гэж үзэв. Улмаар Н.Номтойбаярт нэг жилийн ял оноож, төрд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасав. Мөн Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарын нийтийн албанд ажиллах эрхийг нэг жилээр хасаж, тус бүр таван сая төгрөгөөр торголоо. Шүүгдэгч Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарын төрд ажиллах эрхийг гурван жилээр хязгаарлаж, тус бүр хоёр жил хорих ял оноолоо. Н.Баттөгсийн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, зургаан сая төгрөгөөр торгов.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн байдаг. Шүүхээс түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг , Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн буруутгасан. Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс нарыг Н.Номбаярын заавраар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хуралдсан мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуй нэгжид 3-9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдсон гэж үзсэн байдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН