Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас “Ажлын байрны нөхцөл сайжруулах болзолт уралдаан”-ыг алба хаагчдынхаа дунд зохион байгуулж байна.
Алба хаагчдын ажлын байрны нөхцлийг сайжруулах, ажлын өрөө тасалгаа, байр танхимд ажиллаж хөдөлмөрлөх ая тухтай орчныг бүрдүүлэх, хөдөлмөрийн бүтээмж, байгууллагын тохижилтыг дээшлүүлэх зорилготой тус уралдаан ирэх 03 дугаар сарын 15-ныг хүртэл хоёр сарын турш үргэлжлэх юм.
Энэ хүрээнд алба хаагчид цэргийн байр, гал тогоо, сургалтын танхим, бялдаржуулах өрөө болон шинээр “Түүхэн замналын өрөө” үүсгэн тохижуулахаар болсон бөгөөд хамт олны идэвх санаачлага, шинээр сэдэж санаачилсан ажлуудыг харгалзан үзэж, эхний хоёр байрыг шалгаруулна.
Тус уралдаанд тэргүүн байр эзэлсэн салаа хамт олныг монгол орны үзэсгэлэнт түүхэн цогцолборт газруудаар аялуулах, бусад орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, ангиудаас туршлага судлуулах бол дэд байрт шалгарсан салаа, хамт олныг үндсэн цалинг сарын 20 хувиар нэмж урамшуулахаар боллоо гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.