Үндэсний архивын газарт хадгалагдаж буй Хүрээ сайдын хөмрөгийн 640,000 нүүр, цорын ганц хувь баримтыг 2012 онд Соёлын сайд асан, түүхч С.Чулуун (тухайн үед ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байв), түүхч Д.Өлзийбаатар (тухайн үед Архивын Ерөнхий газрын даргаар ажиллаж байв) нар Хятадад хуулбарлаж өгсөн явдал ихээхэн шуугиан дэгдээгээд байгаа билээ. С.Чулууны зүгээс цэвэр эрдэм шинжилгээний ажил хэмээн мэлзэж, тоо баримтуудыг нь хольж солин ярьж буй уг үйл явдлын Хятадын талтай байгуулсан гэрээг үзвэл: архивын баримтыг сан хөмрөгөөр нь Хятадад хуулбарлаж өгөх уг ажиллагаа нь бүхэлдээ хуурамч баримтад үндэслэсэн байж болзошгүй байна.
640,000 хуудас баримтыг Хятадад сканнердаж өгөх тухай гол баримт бичиг бол “Монгол Улсын Үндэсний Архивын “Хүрээ сайдын хөмрөг”-ийн баримт бичгийн эмхэтгэлийг Монгол-Хятад хоёр тал хамтран, эмхэтгэн хэвлүүлэх тухай гэрээ” билээ. Сэтгүүлч, түүхчдээс олон нийтэд ил болсон уг гэрээний эхлэл хэсгийг анхааралтай уншвал хачирхалтай зүйлс гарч ирнэ.
Гэрээнд:
“Монгол улс, БНХАУ-ын 2007 онд байгуулсан соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээний заалтыг хэрэгжүүлэх хүрээнд, БНХАУ-ын Улсын Архивын Ерөнхий Газар болон Монгол улсын Архивын Ерөнхий Газартай байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд үндэслэн, БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн болон Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн хооронд 2010 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хэлэлцэн тохиролцож энэхүү гэрээг байгуулав” хэмээсэн ба энд нийт гурван эрх зүйн баримтыг зааж, тэдгээрийг үндэс болгожээ.
Гэрээг байгуулах үндэслэл болгон заасан “Монгол улс, БНХАУ-ын 2007 онд байгуулсан соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээ” гэдэг баримт бичиг Монгол-Хятадын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн жагсаалтад байдаггүй юм байна. Үүнийг Гадаад Харилцааны Яамны вэб сайтаас хэн бүхэн шалган үзэж болно (http://www.mfa.gov.mn/?page_id=18605#1489020303943-b1244b0a-1381 2021.1.21). ГХЯ-наас гаргасан Монгол-Хятадын Засгийн газар хооронд байгуулагдсан албан ёсны гэрээ, хэлэлцээрүүдийн жагсаалтад үзвэл, 2007 онд Монгол-Хятадын хооронд эдийн засаг-техникийн хамтын ажиллагааны тухай гурван хэлэлцээр байгуулагдсан ба эдгээр нь бүгд Хятадаас Монголд үзүүлсэн тусламжийн тухай бөгөөд архивын баримт хэвлүүлэхтэй хамаагүй юм.
Н.Алтантөгс