Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордноос олон нийтэд хандан мэдэгдэл хийж байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрбээр, “Манай улсын эрхэм хүндэт иргэд ээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйлдэл гаргасан. Би эцэг хүн, гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн явдал байлаа.
Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ.
Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч бий. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа сэтгэл эмтрэм, элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна. Энэ явдлаас болж миний кабинетийн хоёр гишүүн огцрох хүсэлтээ өгсөн.
Би өөрөө цэргийн хүн. Дайны гал шугаман дээр өөрийнхөө командтайгаар хамт тулалдаанд орж, ялбал хамтдаа гарч, ялагдвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх байдаг.
Би энэ бүрэлдэхүүнээрээ ажиллана гэж бодож кабинетаа бүрдүүлсэн. Харамсалтай нь ийм зүйл болж чадсангүй. Үүнд их харамсаж байна. Өчигдөр ард түмэн маань санаа зовниж, ялангуяа залуус маань төр засагтаа харамсаж байгаагаа, хариуцлагагүй байгааг сануулж жагсаал хийсэн. Үүнийг маш зөв зүйл гэж бодож байгаа.
Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Ард түмэн төр засагтаа үгээ хэлж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаасаа шаардсан. Үүнийг би хүлээн авч байна. Ерөнхий сайдын хувьд хариуцлагаа үүрэх ёстой. Энэ бол ёс зүйн асуудал. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй удирдагч байх ёстой. Магадгүй энэ нь улс төрд шинэ соёл оруулж ирж байгааг үгүйсгэхгүй. Ажил хийсэн бол хийсэн шиг хийдэг. Алдаа гаргасан бол тэрийгээ үүрч чаддаг, хэн нэгэн хүн рүү гаргасан алдаагаа шидэж, булж, өөрөө ард нь хоргодож үлдэх нь удирдагч хүний ёс биш. Энэ эр зориг, хүүхэд байхаасаа олж авсан амьдралын философийнхоо дагуу би хариуцлагаа үүрч Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.
МИНИЙ ИТГЭЖ НАЙДАЖ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АРД ТҮМНИЙГ ҮЙМЭЭН САМУУНД ТУРХИРЧ, ХӨРӨНГӨ САНХҮҮЖИЛТ ХИЙЖ, АРД ТҮМНИЙ ТАЙВНААР, ӨӨРСДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ЖАГСААЛЫГ УЛС ТӨРЖҮҮЛСЭН.
Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна. Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институци, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм.
Дахиж долдугаар сарын 01-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье. Төр түвшин, түмэн олон маань амгалан байх явдал нь төрийн өндөрлөгүүдийн асуудал байдаг. Харамсалтай нь өнөөгийн Ерөнхийлөгч маань энэ ажлаа хийж чадахгүй байна. Улс орныхоо тогтвортой байдлыг бодож, цар тахлын хүнд цаг үед үймээн самуун гарах вий, улс төрийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсэх вий хэмээгээд би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдынхаа хувьд үйл ажиллагаа явуулах боломж байхгүй боллоо. Би ард түмнээ боддог. Маргааш, нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайд томилогдох ёстой. Тогтвортой байдлыг хангаж, ард түмнээ цар тахлаас хамгаалах ажлыг зохион байгуулах ёстой" гэв.