Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр буюу 14-ний 11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жудо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирсэн талаар Монголын Жүдо Бөхийн Холбооны хэвлэлийн төлөөлөгч Ю.Чинбаяраас тодруулга авлаа.
Олон улсын жүдо бөхийн холбоо IJF-ийн дэлхийн цувралын энэ оны анхны тэмцээн “Doha-2021 World Masters” Катарын Доха хотноо энэ сарын 11-13ны өдрүүдэд зохиогдлоо. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг шилдэг жүдочид оролцсон тус тэмцээнд 69 орны эрэгтэй 215, эмэгтэй 182 нийт 397 жүдоч өрсөлдсөнөөс манай улс эрэгтэй 10, эмэгтэй 6 тамирчин, 3 дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Баг тамирчдыг танилцуулбал Монгол улсын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х. Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч. Болдбаатар гэсэн шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдаа удирдан оролцуулсан бол манай тамирчдаас “Мастерс”-ийн урилга ирсэн тамирчдаас -100 кг-ын жинд ОУХМ Л.Отгонбаатар оролцох байсан ч бэртлийн улмаас Катарыг зориогүй юм.
“Doha-2021 World Masters” тэмцээнд :
Эрэгтэй
-60кг МУГТ Д.Амартүвшин /ДАШТ-ий мөнгөн медальт/
-60кг ОУХМ Л.Өнөболд /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/
-66кг ОУХМ Г.Хэрлэн /World Masters-ийн алт, мөнгөн медальт/
-66кг ОУХМ Ё.Басхүү /World Masters-ийн хүрэл медальт/
-73кг ОУХМ Ц.Цогтбаатар /Ази, номхон далайн орнуудын аварга, “Их дуулга” тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
-73кг МУГТ Г.Одбаяр /ДАШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/
-81кг С.Моллай /ДАШТ-ий алт, хүрэл медальт/
-81кг ОУХМ О.Ууганбаатар /Их дуулга тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт/
-90кг ОУХМ Г.Алтанбагана /Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт/
+100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр /ДАШТ-ий хүрэл медальт/
Эмэгтэй
-48кг МУГТ М.Уранцэцэг /ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт/
-48кг ОУХМ Г.Наранцэцэг /World Masters-ийн мөнгөн медальт/
-52кг ОУХМ Л.Сосорбарам /Залуучуудын олимпийн мөнгө, залуучуудын дэлхийн аварга/
-52кг ОУХМ Б.Хорлоодой /Дюссельдорфын Гранд Слам тэмцээний хүрэл медальт/
-57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа /Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт/
-63кг ОУХМ Б.Ганхайч /Гранд Слам тэмцээний хүрэл медальт/
гэсэн бүрэлдхүүнтэй зодоглосноос эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн шагналт 5 дугаар байр, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ё.Басхүү 7 дугаар байр, эрэгтэйчүүдийн -90кг жинд ОУХМ Г.Алтанбагана 7 дугаар байрт тус тус шалгарч 69 орноос амжилтаараа 13 дугаар байрт шалгарлаа.
Дашрамд сонирхуулахад “Doha-2021” World Masters тэмцээнд түрүүлсэн жүдоч 1800 оноо, мөнгөн медаль 1260, хүрэл медальтан 900 оноогоор чансаагаа ахиулна. Харин сүүлийн Мастерс тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо 2019 оны 12 сард болоход манай тамирчид 2 мөнгө /Г.Наранцэцэг, Г.Хэрлэн/, 1 хүрэл медаль /Ё.Басхүү/ хүртэж байжээ.
Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу коронавируст “Ковид-19” /PCR/-ийн 2 удаа шинжилгээгээ өгөөд "Хүннү Эйр" компанийн шууд нислэгээр энэ сарын 8нд явж тэмцээнд оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Тэд УОК-ын зааварчилгааны дагуу 14 хоногийн тусгаарлалт, 7 хоногийн гэрийн тусгаарлалтад ороод олон улсын "Найрамдал" зусланд гарсан шигшээ багийн тамирчидтай нийлж үндэсний шигшээ багийн нэгдсэн бэлтгэлд хамрагдана.