“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК НЬ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨСЛИЙН ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ГҮЙЦЭТГЭХЭЭР БОЛЛОО.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төсөл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн 6 дугаар сард нээлтээ хийсэн. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусаад байна. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Анхлан 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулж байсан бол энэ оны 7 дугаар сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээг дахин сунгаж, үргэлжлүүлэн захиалагчийн хяналтын үүргийг гүйцэтгэхээр боллоо.
Захиалагчийн хяналт нь тухайн бүтээн байгуулалтын чанар, стандарт, дүрмийг сахиулан биелүүлэх гол чиг үүрэг бүхий ажлыг хэрэгжүүлэгч юм. 416.1 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нийт 8 хэсэгт хуваагдан хяналт зөвлөн туслах үүргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогоор төслийн хэмжээнд газар шорооны ажил 90 хувь, дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 9.53 хувь, хоолойн ажил 75 хувь, барилгын ажил 43 хувь, эрчим хүчний ажил 13 хувьтай явагдаж байна.