УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 3-ны хуралдаанаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-аас тавдугаар сарын 7-нд баталсан УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэсэн хэсэгт Ерөнхийлөгч тавдугаар сарын 26-нд хэсэгчлэн хориг тавьсан.
Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлах эрхийг хэт хязгаарласан байна гэснийг УИХ наймдугаар сарын 20-ны хуралдаанаараа хэлэлцэж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар шийдвэрлэсэн. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 88 дугаар зүйлийн 88.8, 88.9 дэх хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос холбогдох төслийг боловсруулсан байна.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж, 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж тус тус өөрчилсөнтэй холбогдуулан төслийг боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, Засгийн газраас санаачлахаар тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль санаачлах эрхтэй бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан, санаачилсан хуулиараа өөртөө үндсэн бүрэн эрхт нь үл хамаарах тодорхой бүрэн эрх олж авахгүй байхаар зохицуулжээ.