Аравдугаар сарын 18-ны шөнө Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах “Алтай” хотхоны орцон дотор 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд хувцасгүй, уйлан зогсож буй зураг цахим орчинд тарж, олон хүний шүүмжлэл дагуулсан.
Тухайн хүүхдийн асран хамгаалагчийн зүгээс цагдаагийн байгууллагад мэдэгдэхдээ “Үгэнд орохгүй байсан тул хашраах зорилгоор орцонд гаргасан” хэмээн мэдэгдсэн байна.
Хэргийг ЦЕГ-аас хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн" гэж үзэж, хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгох, хүүхдийн байгууллага, хорооны хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, мөн хүүгийн ээжид хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.