Өнөөдөр Улсын Их хурлын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Алсын хараа – 2050” хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цахим үндэстэн” болох зорилт бүхий ажлын хүрээнд “Цахим парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Монгол улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн бий болсноос хойш 30 жилийн хугацаанд анх удаа цаасгүй парламентыг бий болгохоор зорин ажиллаж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль тогтоох дээд байгууллагын хувьд хуулийн төсөл боловсруулах болон нээлттэй хэлэлцүүлэх цахим системийг 2020 оны 10 дугаар сарын 07 буюу өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хууль санаачлагч нь:
– хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрд хавсаргах;
– хууль санаачлагч албан ёсны цахим хуудсандаа хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлсэн, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийсэн тайланг байршуулж, хууль тогтоомжийн төсөлд санал өгөх хугацааг тодорхой заасан.
Одоогоор иргэдээс хуулийн төсөлд санал авах ажиллагааг Улсын Их Хурлын цахим хуудас болох forum.parliament.mn-д төслийг бүхлээр байршуулан, иргэдийн бичсэн сэтгэгдлийг төсөлд өгөх санал гэж үзэн хууль, тогтоомжийн төслийн бүрдлийн нэг хэсэг болгон авч үздэг. Энэ нь иргэд тухайн хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал өгөхөд хүндрэлтэй ба хуулийн төсөлтэй танилцсан иргэн бүр санал өгөх боломж туйлаас хомс байна. Тухайлбал, тухайн төсөлд санал өгөх хэрэглэгчийн эрх үүсгэхэд хүндрэлтэй, тодорхой, нарийвчилсан санал өгөх боломжоор хангагдаагүй, түүнчлэн тухайн хуулийн төслийг хэн, ямар үзэл баримтлалаар боловсруулж байгаа талаарх тодорхой мэдээллийг иргэд авч чадахгүй зэрэг дутагдалтай талтай байсан.
Дээрх дутагдлуудыг сайжруулан боловсронгуй болгосон lawforum.parliament.mn систем нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан албан ёсны цахим хуудсандаа хуулийн төсөл холбогдох бусад материалыг байршуулж төсөлд санал авах үйл ажиллагааг үр нөлөөтэй болгох ба хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барихаас өмнөх шатанд буюу хууль санаачлагч төслөө боловсруулж байх шатанд санал дүгнэлтээ илэрхийлэх боломжийг хангах юм. Ингэснээр дараах давуу тал бий болно. Үүнд:
· Хуулийн төслийг боловсруулах шатанд олон нийтийн оролцоог хангах;
· Хуулийн төсөл боловсруулагчтай хамтран ажиллах боломжийг нээлттэй болгож өгсөн;
· Энэ системийн хэрэглэгч болсноор иргэд хуулийн төсөлд бүхэлд нь болон бүлэг зүйл, хэсэг, заалт, дэд заалт бүрээр санал өгөх боломжоор бүрэн хангасан;
· Иргэд хуулийн төсөлд саналаа өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтрэн хэзээ ч, хаанаас ч өгөх боломжтой;
· Иргэд системээс түлхүүр үг, хуулийн төрөл зэргээр хайлт хийх боломжтой;
· Хэрэглэгч сонирхлын бүлэгт нэгдэж болно. Сонирхлын бүлэг гэдэг нь аль салбарын хуулиудыг тусгайлан анхаарч байгаагаараа нэгдсэн хэрэглэгчдийн бүлэг юм. Ингэснээр тухайн сонирхлын бүлэгт хамаарах төслийн талаарх мэдээлэл хэрэглэгчдэд шуурхай очно.
· Хуулийн төслийн боловсруулалтын шатанд төсөлд өөрчлөлт орох бүрд хувилбарыг хадгална, ингэснээр өөрчлөлтийг харьцуулан харах боломжийг бүрдүүлж байна.
· lawforum.parliament.mn систем нь дэлхийд тэргүүлэгч IT компани болон Microsoft -ийн хамгийн сүүлийн үеийн вэб технологи болох .NET Core-ийг ашигласан систем юм. Тус технологи нь платформ хамааралгүй ажиллахаас гадна Мэдээллийн аюулгүй байдлын 3 гол элемент болох ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, НУУЦЛАЛ, БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ХЭРЭГЦЭЭТ БАЙДАЛ-ыг нэгэн зэрэг хангасан гэдгээрээ давуу талтай.
· Дээрх системийг нэвтрүүлснээр төслийн боловсруулалтын үе шат нээлттэй, олон нийтэд ил тод, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хуулийн төсөл боловсруулагдах юм.
Энэхүү системтэй дагалдан lawmaker.parliament.mn гэсэн цахим систем бий болж байгаа бөгөөд энэ нь хууль санаачлагчид нэвтрэн орж хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслөө боловсруулах, тандан судалгаа, үзэл баримтлал, тооцоолол зэргээ хийх иж бүрэн цогц цахим систем юм.
Lawforum.parliament.mn цахим системийг иргэд олон нийтээс санал авахад ашиглах бол lawmaker.parliament.mn цахим системийг хуулийн төсөл боловсруулагчдад зориулан хэрэглээнд нэвтрүүлж байна.
Цаасгүй парламентын хүрээнд цаашид бид УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос зохион байгуулж буй төрөл бүрийн хэлэлцүүлгүүдэд цаасгүйгээр материалаа түгээх арга буюу QR Code бүхий цахим материал ашиглан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.