Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4 ийн замын засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгажээ Замын зорчих хэсгийг өчигдөр орой нээсэн байна. Тус замаар Нисэх, Яармагаас хотын төв рүү явах иргэд зорчих боломжтой юм.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн ажил өнгөрсөн долдугаар сараас эхэлсэн бөгөөд гэрээт хугацаа 11 дүгээр сарын 1-ний өдөр дуусаж, хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэхдээ замын ажлыг түргэсгэх талаар иргэд, ААН-үүдээс олон өргөдөл, санал ирсний хүрээнд хүн, хүч техникийг нэмэгдүүлэн, ажлыг шахаж өнөөдөр ийнхүү зорчих хэсгийг нээлээ.Одоогоор явган хүний зам,гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажлууд үлдсэн. Түүнийг гэрээний хугацаандаа хийж дуусгана. Нэг хүндрэлтэй байгаа асуудал нь ТЭЦ4-ийн урд болон хойд хэсгээр маш олон үйлдвэрүүд ажиллаж байна.Тэдгээр үйлдвэрийн гадна огт тохижилт хийгдээгүй учир үйлдвэр рүү орж, гарч буй хүнд даацын автомашинуудын дугуйнд шороо шавар наалдан замд гарч, замыг эвдэх магадлал өндөр байна. Тиймээс нэгдсэн журмаар үйлдвэр, ААН-үүдийг гадна талбайгаа засаж сайжруулах хэрэгтэй. Мөн үйлдвэрийн машинууд даац хэтрүүлсэн тээвэрлэлт хийж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “Тус зургаан километрийн урттай замын өртөг нийт 7.6 тэрбум төгрөг юм. Гол нь ААН болон иргэд автомашиныхаа дугуйг цэвэрлэж хөдөлгөөнд оролцох ёстой. Тиймээс арчлалт, ашиглалт тал дээр сайн анхаарахгүй бол хэчнээн өртгөөр зам бариад нэмэргүй" гэв.