Гурван өдрийн өмнө Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгой төсөлтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт 4 жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноосон.
Дубайн гэрээнд гарын үсэг зурсан тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг харин Монголд байхгүй. Харин тэр өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан бичсэн захидалдаа ял авсан нөхдийнхөө талаар ийнхүү бичжээ.
“Чи өөртөө хэрэг болно гэж 6 нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа 2 жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив. Н.Алтанхуягийг хажуудаа байлгаж Ц.Элбэгдоржийн эсрэг 3 жил ашиглаад эцсийн мөчид гуйлтыг нь тоолгүй найз Б.Ариунсанг нь “хугацаат албанд” явууллаа. Харин ч бага хугацаа өгсөн шүү гэж л амыг нь хааж байгаа байх даа, зайлуул. Н.Алтанхуяг чиний бүлэглэлийн эсрэг үзээд анд Л.Гансүхийнхээ, чиний улыг долоож долигоносон ч анд Б.Ариунсангийнхаа хувь заяагаар тоглоод л дуусах шив. Ч.Сайханбилэг рүү бүх буруугаа тох гэж Н.Алтанхуяг хичнээн зөвлөсөн ч өөрийнх нь хэлдэг Хонгилын махны машинд хэрчүүлээд л дууслаа. Би ч над руу бухах нь яахав, ялгүй үлдэж байвал болох нь тэр гээд дуугараагүй шүү. Алтанхуягаа, чи Анд найз нараа зольж амиа хоохойлж үлдсэн болохоор одоо ханцуйн дотроо сэм залбираад л явж байгаа биз. Адгийн ийм зантай болохоор чинь одоо хажууд чинь анд ч алга, нам ч алга. Одоо Youtube-ийн самбартай хичээлээ сэргээж, шинэ хонгилын тухай, дарангуйлагч Баттулгын эсрэг дуугарах зориг, зарчим өөрт чинь үлдсэн үү? Баттулгаа, чи Ж.Эрдэнэбатыг хорих даалгавраа урьдчилж өгчихөөд, МАН-ынхны галыг өөрөөсөө холдуулахын тулд хөгшин эхтэй нь уулзах нүүр гаргадаг, би янз бүрийн гаргалгаа гаргах гээд хичээж байна гэж хуурдаг, түүнийгээ хэвлэлээр цацдаг, үнэхээр Холливуудын, Солонгос “Савангийн дуурь”-ны зохиолчид ч атаархмаар хоржоонтой зохиолын найруулагч болжээ, чи.
Хамаагүй үнэнийг нь хэлээд дуугарах юм бол найз нарт маань, хамтран зүтгэсэн хүмүүст маань гай болчих болов уу гээд удаан хугацаанд дуугай явлаа. Одоо уучлаарай, хонь шиг дуугай гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ. Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн Ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу, нэг амин найзаа чиний пи-арт зориулж арван жилийн ял авахуулж дуусгалаа, Монголын төлөө зүтгэсний шагнал нь уу?
Олон залуусын хийх, зүтгэх сэтгэлийг унтрааж Б.Бямбасайханд Шоронгийн томилолт өвөртлүүллээ. Баабарын хэлдгээр би олон жил “Nice guy” явах гэж хичээлээ. Одоо үнэхээр залхаж байна. Хүн битгий хэл, Хорхой ч гэсэн өөрт нь хүрэхээр арвалздаг юм шүү!” гэжээ.