/Троллчин – хөлсний сэтгэгдэл бичигчид/
2020 парламентын сонгууль болоход арав гаруй хоног үлдлээ. Сонгуулийн албан ёсны сурталчилгааны ажил эхлээд найм хоног өнгөрлөө. Энэ хугацаанд хар бараан пи ар харьцангуй бага байна гэж иргэд сошиалд ам сайтай байна. Гэхдээ баярлах болоогүй. Сонгуулийн сүүлийн өдрүүдэд баахан болж бүтэхгүй нууц бичлэгүүд гарч ирдэг. Доор нь үнэн юм шиг комментоор бөмбөгддөг.
Дэлхийн хэмжээнд цар тахал гарсан учраас энэ жилийн сонгуулийн сурталчилгаа голлон сошиал дээр явагдахаар байна. Тиймээс троллчид илүү их ажилтай байна гэсэн үг. Учир нь нэр дэвшигч бүхэн сонгуульд зориулж PR –ийн багаасаа гадна сошиал баг буюу троллчдыг өндөр үнээр авч ажиллуулж байна.
Троллчин гэдгийг сошиал сүлжээн дэх нэр нүүрээ нуусан элэглэгчид гэж тодорхойлдог. Харин сонгуулийн үеийн троллчид бол хөлсөөр сэтгэгдэл бичигчид юм.
Троллчид нийгмийн сүлжээнд ямар хохирол авчирж болдог тухай түүх
/Нийтлэлч М.Саруул-Эрдэнийн нийтлэлээс авав/
Ийм арми, интернетэд хуурамч мэдээ бэлддэг тусгай ажилчид байдаг тухай хамгийн анх 2003 онд Оросын сэтгүүлч Анна Полянская, Андрей Кривов, Иван Ломако нар нийтлэлдээ бичжээ. Сэтгүүлч Анна Полянская нь ОХУ-ын улс төрийн нэрт зүтгэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Галина Старовойтовагийн туслахаар ажиллаж байсан хүн. Галина гишүүн ялангуяа Орос дахь цөөнх үндэстний эрхийн төлөө тэмцдэг байжээ. Харамсалтай нь түүнийг 1998 онд, Санкт Петрбург дэх гэрт нь буудан хороосон, хэргийн эзнийг өнөөг хүртэл олоогүй буй. Гурван сэтгүүлчийн судалж үзсэнээр 2000 оны үед Оросын интэрнэт ертөнцөд маш жигтэй өөрчлөлт, гэнэт буй болжээ. Оросын интэрнэт Рунетийн орчинд 1998-1999 оны үед нийт бичлэг, бичээчдийн 70 орчим хувь нь ардчилсан, либерал үзлийг дэмждэг байж. Гэтэл, ердөө ганцхан жилийн дотор буюу 2000 он гарсаар гэнэтхэн интэрнэт орчин дахь бичлэг, сэтгэгдлүүдийн 70 хувь нь ардчилал, либерализмын эсрэг агуулгатай болсныг сэтгүүлчид сэжиглэн, эрэн сурвалжилснаар Оросын тусгай албаныхны зохион байгуулсан тусгай, баг, ажилтнууд ийм зүйл хийж байгааг анх мэдээлсэн байна. (Анна Полянская, Как снова убивают Галину Старовойтову, 2003)
Сонгуулийн үеэр троллчдын гол үүрэг бол ажиллаж байгаа нэр дэвшигчдийнхээ мэдээ пост болгоныг маш сайн шээрлэж, магтан дуулсан коммент бичиж, өрсөлдөгчийнхөө гаргасан пост бүрийн доор “газарт ортол” муулах, комментоор бөмбөгдөх үүрэгтэй.
Мэдээлэлгүй иргэд хар, цагаан PR-д амархан автаж, тархиа угаалгах нь элбэг. Хуйлрамтгай зантай уншигчид дийлэнх сэтгэгдлийн хандлагыг хараад хуйлран дэмжих, улайран магтах нь элбэг. Сонгууль дөхөх тусам Хятад хүн гэсэн, хүчирхийлэгч гэсэн, хүүлэгч гэнэ зэрэг байж болох хамгийн муу муухай бичлэгүүд, мэдээнүүд таны сошиал хуудсанд дүүрнэ.
Тиймээс сонгогч та “хар” PR-т авталгүй, троллчдын комментэд тархиа угаалгалгүй, судалгаа, мэдээлэлд түшиглэн сонголтоо зөв хийгээрэй.