АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-т 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа. Тус хандивыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт гардуулан өглөө.
Шинэ төрлийн коронавирусын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр НЗДТГ-ын зүгээс хийж хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангаас нэг удаагийн маск, N95 маск, гар ариутгагч, хамгаалах хувцас, автомаск, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч нарт чанга яригч зэргийг хандивлаж байгаа юм.
Энэ үеэр АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо “НЗДТГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа билээ. Азийн сангаас олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээндээ НЗДТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хандивыг гардуулж байна” гэв. Харин НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан хэлэхдээ “Азийн сангаас үзүүлж буй энэхүү хандив тусламжийг бид нийслэлийн товчоодод ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон бусад төрийн албан хаагчдад гардуулж өгөх болно. Нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй Азийн сангийн хамт олонд талархаж байна” гэсэн юм.
АНУ-ын Азийн сан 1993 оноос Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа нээж сайн засаглал, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж ажилласаар ирсэн уламжлалтай билээ.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn