АНУ-ын Сиатл хотод өөрийн "Seattle ESL School" англи хэл, амьдралын дасгалжуулалтын сургуулиа ажиллуулдаг тэрээр фэйсбүүкийн “Ladies” группээрээ дамжуулан Монголд байгаа олон эмэгтэйчүүдэд англи хэлний онлайн сургалт ордог билээ. Тэрээр Бизнес өрөг нэвтрүүлэгт орох үедээ анх сургуулиа үүсгэн байгуулах сэдлээ хаанаас олж байсан тухай түүхээсээ хуваалцсан юм.
"…Дөрвөн жилийн өмнө “Barnes & Nobles”гээд номын дэлгүүрт төрөх гэж байгаа хүүхэддээ нэр хайхаар нөхөр бид хоёр явж байлаа.
Харамсалтай нь гурван сарын дараа юунаас ч болсон юм мэдэхгүй хүүхэд маань зулбсан.
Миний хувьд хүн бүр энэ дэлхий дээр хийх зүйлтэй, дүүргэх савтай ирдэг гэж боддог. Энэ хүүхэд маань ингээд явчихлаа. Би яагаад одоо хүртэл амьдраад байгаа юм болоо? гэж бодож эхэлсэн.
Магадгүй надад хийх ёстой зүйл, дүүргэх ёстой сав байгаа болохоор би ингээд байгаад байгаа юм байна. Өдөр болгоныг хийсэн зүйлтэй, өнөөдрийг би ингэж өнгөрөөсөн гэсэн хүнд хэлэх юмтай өнгөрөөе гэж бодож эхэлсэн.
Тэр үеэс эхлээд эмэгтэй хүмүүст, ээж хүмүүстээ илүү их ойртож ажиллая. Тэд нарт тусалснаараа буцаад хүүхдүүдэд нь туслах боломжтой болно гэж үздэг.Эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байх ёстой гэж боддог”