Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08.00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гарсан. Мөн өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум, баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн 08.00 цаг хүртэл түр хязгаарлах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбоотойгоор хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байгаа аж.
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 27-нд хяналтын нэг цэг дээр онцгой комиссын зөвшөөрөл /нэвтрэх бичиг/ байхгүй, мөн хулгайн зам /уул, жалга/-аар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагджээ.
Хулгайн замаар явж, цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орж холбогдох байгууллагуудад хандахад таныг очиж аварна. Гэхдээ гарсан зардлыг иргэн та өөрөө төлөх болно.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих.
1.Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасан.
Тиймээс хулгайн замаар явж ойр дотнынхоо, хайртай хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар