“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг 600 гаруй сая төгрөг завшсан байж болзошгүй хэргээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа тухай мэдээг 2020.2.12-ны өдөр манай сайт мэдээлсэн билээ.
Гэтэл энэ мэдээллийг ГҮТГЭЛЭГ гэж үзээд Г.Загдаа манай редакцийн сэтгүүлч У.Уранцэцэгийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгуулахаар өгсөн байна.
Харин өнөөдөр буюу 2020.2.19-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс тус мэдээг бичсэн сэтгүүлч, редакторыг дуудан байцаалт авч, сэтгүүлч У.Уранцэцэгийг хоёр сая төгрөгөөр торголоо. Эл үйлдлийг бид зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь манай сэтгүүлч У.Уранцэцэгт хэргийг шалгасан ахлах дэслэгч З.Алтантөр ГҮТГЭСЭН гэдгийг нотлох баримтаа үзүүлээгүй, ямар үндэслэлээр торгож байгаагаа тайлбарлаагүй байгаа юм.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэгт холбогдогч нь хохирогчийн гомдолтой танилцах, тайлбар гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хэрэгтэй танилцах, тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах зэрэг болон бусад эрхүүд эдлэх ёстой байдаг боловч, манай сэтгүүлчид ийм боломжийг олгохгүй шууд ТОРГОЛОО.
Бид торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй ба захиргааны хэргийн шүүхэд хандана.
Сэтгүүлчийг хууль зөрчин барин торгож байгаа нь ЦАГДАА нар Г.ЗАГДААД үйлчилдэг гэх хардлагыг төрүүлж байна.
Зөрчлийн хууль сэтгүүлчийг хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг нь эдлүүлэхгүй байх, иргэдийн мэдэх эрхэнд халдах үндэс суурь болж байгаагийн нэгэн жишээ энэ тохиолдол боллоо.
Ахлах дэслэгчийн гарт Монголын сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө байна !