Засгийн газрын хуралдааны шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулаа. Хөл хорио, хязгаарлалтыг цуцалснаас хойш буюу гуравдугаар сарын 30-наас хойшхи хоёр сарын хугацаанд бүх шатны боловсролын байгууллагуудын хичээлийг нөхөх юм байна. Ингэхдээ Бямба гарагт хичээллүүлэхээр болжээ. Хичээлийн эхний долоо хоногт хуучин хичээлийн агуулгыг бататгах, хоцрогдлыг арилгах чиглэлээр сурагчдад хичээл заах юм байна.
Ирэх зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болох учир сурагчдын хичээлийн амралтыг хойшлуулахгүй байх чиглэл барьж байна. Хоцрогдлыг арилгаж, цэцэрлэг болон 1-5 дугаар ангийн сурагчдыг зургаадугаар сарын 1-ний өдрөөс, 6-12 дугаар ангийн сурагчдыг зургаадугаар сарын 8-наас амраахаар төлөвлөжээ. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд авна. Их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байгаа талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.