Коронавирусын сэжигтэй тохиолдол өнөөдрийн байдлаар манай улсад 120 бүртгэгдсэн. Гэсэн хэдий ч вирусийн халдвар илрээгүй байгаа. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарласан иргэний шинжилгээний дээж өнөө өглөө ХӨСҮТ-д ирсэн ба хариу маргааш гарах юм.
Халдварын голомт болох Үхань хотоос ирсэн 32 иргэний хорио энэ сарын 15-нд дуусна. Тусгаарлагдсан байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, сэтгэл санаа тогтвортой байгаа хэмээн ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Мөн тэднээс вирусийн халдвар илрээгүй ч дахин нэг удаа шинжилгээ авах талаар ярилцаж байгаа аж.
Коронавирусын халдварыг шинжлэх оношлуур өчигдөр Япон улсаас 100 ширхэг ирсэн. ДЭМБ-аас нэмэлтээр 3000 оношлуур явуулна хэмээн албаныхан мэдээллээ.
Ташрамд дурдахад, Коронавирусын талаар худал мэдээ олон нийтэд тараавал иргэнийг 2 сая, хуулийн этгээдийг 20 саяар торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах юм.