Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт заавал мөрдөх үндсэн шаардлагын MNS4946 гэсэн стандарт байдаг. Харин Барс захын худалдаа үйлчилгээний 3 давхарт нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг нийт таван түрээслэгчдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгаж, эрүүл ахуйн орчны шаардлага бүрэн хангаагүй хэмээн дүгнэжээ.
Тэд яагаад эрүүл ахуйн шаардлагаа хангаж ажилладаггүйг ӨӨРСДӨӨС НЬ тодрууллаа. Тэд хоолны газраа түрээслээд удаагүй болохоор байгаа нөхцөлдөө тааруулаад ажиллаж байна гэв.
Түрээслэгч Ш.Батчимэг: Одоогийн байдлаар бид хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Манайхаас ариун цэврийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарахаар мэдэгдэнэ гэсэн. Ер нь жилдээ 2-3 удаа мэргэжлийн хяналтын шалгалт ирдэг. Шалгалт бүрээр шаардлага хангасан дүгнэлт гардаг ч энэ шалгалтаар бүрэн хангагдаагүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ асуудлаас болж үйл ажиллагааг маань зогсоохоор бол бидний төлсөн түрээсийн мөнгө яах вэ? Одоо ч бид хөл хорио тогтоосноос ашигтай ажиллаж чадахгүй байна.
Түрээслэгч Ц.Гэрэлтуяа: Манай Барс зах гуравдугаар сарын 1-ээс шинэ цайны газартай болж байгаа. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, угаалгын цех, агааржуулалтын систем зэрэг нөхцлийг бүрдүүлж байгаа юм билээ. Мөн хуучирсан тоног төхөөрөмжүүдээ сольсноор хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгохоор болсон. Бид нар сардаа 1,710,000 төгрөгийн түрээс төлдөг. Түрээсээ төлсөн учраас үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлээд явах бодолтой байна.