Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулан ЭЕШ-ын бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.
БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ: "ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Мөн Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлсэн. Энэ хоёр шалгалт өөр гэдгийг онцолмоор байна. Монгол хэл бичгийн шалгалтын цахимаар өнөөдөр эхлээд гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Монгол хэл бичгийн шалгалт гуравдугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Ялангуяа өмнөх оны төгсөгчид ЭЕШ-тай хамт өгдөг гэж ташаа ойлгосноос өгч чадаагүй шалгуулагчид бий. Хэрэв Монгол хэл бичгийн шалгалт өгч чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй. Энэ жил 32 мянган шалгуулагчид байгаа гэж тооцоолон улсын хэмжээнд 50 шалгалтын байрыг бэлтгэнэ.
БҮТ-ийн дарга Л.Ганбат "Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ.
Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг
Бүртгэлтэй холбоотойгоор шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Зарим удирдлага, багш хүүхдийн эрхийг зөрчиж шалгалт өгөх хичээлийн шаардлагыг тулгадаг. Тухайн хүүхэд өөрийн хүссэн хичээлээрээ шалгалтаа өгөх эрхтэй. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан. Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэл бичгийн шалгалт хураамжгүй.
Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд 18:00 цагт дуусна. Шалгалтуудыг зургаадугаар 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жил мөн шалгалтын материалын шууд засалтыг хийх ба нэгдсэн жагсаалтыг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна.
Монгол хэл бичгийн шалгалт босго оноо 400 бөгөөд өмнө жилүүдэд уг шалгалтад унасан бол энэ жил дахин өгөх эрхтэй" гэлээ. Энэ жил ирцийг автоматжуулж байгаа аж. Учир нь бичиг баримтаа мартсан гэх тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглана.